“Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд уриатай “National geographic” сэтгүүл гурав дахь дугаараа уншигчдын гарт хүргэж байгаа ажээ. Вашингтон хотод анх байгуулагдсан Үндэсний газарзүйн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг уг сэтгүүлийн энэ удаагийн дугаарт “Онгодын эзэд”, “Газын хонгилууд”, “Онгон зэрлэг нутгийнхан” зэрэг сонирхолтой бичлэгүүд орсон байна. Дугаарын гол нийтлэл болох “Онгодын эзэн”-ийг Дэйвид Штерн бичсэн бөгөөд тэрээр “Бөөгийн гайхамшиг нь түүний ид шидийн олон жишээ гэхээсээ илүүтэй, эрх чөлөөг дээдлэх үзэл, байгаль дэлхийгээ хүндлэн хайрлах ёс, өнгөрсөн үетэйгээ тогтоох холбоонд орших ажээ” гэж дүгнэжээ. Дээрх нийтлэлтэй холбогдуулан Финляндын археологич Сакари Пялсигийн “Очир бөө” гэх зургийг хавсаргасан байна. Уг гэрэл зургийг 1909 онд авсан бөгөөд нэн ховор зураг ажээ. Түүнээс гадна диваажингийн шувууд гэгддэг 30 зүйлийн содон, ховор шувуудын зургийг нийтэлжээ. “National geographic” сэтгүүлийн хүүхдэд зориулсан цуврал мөн худалдаанд гараад байгаа ажээ. Танин мэдэхүй, шинжлэх ухааны гайхамшигт ертөнцөөр аялуулдаг сэтгүүлийн шинэ дугаараас ууль шувууны тухай, сансрын хачирхалтай таван газар, амьтадын шинэ авъяасын тухай унших боломжтой юм.