Байгаль хамгаалах сан бие даах боллоо.

Бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан”-гийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталжээ. Ингэснээр энэ санг Удирдах зөвлөлтэй, тусгай журамтай болгож бие даалгаж байгаа аж. Өмнө нь зөвхөн сайд дарга нарын шийдвэрийг биелүүдэг байсан энэ сан ингэж бие дааснаар байгаль хамгаалах ажилд нэлээд ахиц дэвшил гарна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. 1998 онд Засгийн газрын 188 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах сан анх байгуулагдсан юм байна. Энэ сан улсын төсвөөр санхүүждэг. Дээр нь байгалийн нөөц ашигласны төлбөр, Тусгай хамгаалалттай газар нутагт “аялал жуулчлал эрхлэх” эрхийн бичиг олгосны хураамж, ус бохирдуулсны төлбөрийг энэ санд төвлөрүүлдэг аж.  Засгийн газрын хуралдаанаар дээрхи шийдвэрийг гаргаснаар энэ сан бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм байна. Харин тус сангийн тэргүүнээр Ш.Пүрэвсүрэн томилогджээ.