БОНХЯ-ны Усны мониторинг зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм:
Монгол улсын хувьд газрын доорхи нөөц усаар хомс орон. Гадаргын усыг бодвол газрын доорхи ус нь бага. Энэ байдлыг харгалзан үзэж гадаргын усанд арай бага, газрын доорхи усанд арай их байхаар экологи эдийн засгийн суурь үнэлгээг баталсан байгаа. Гадаргын усны хамгийн өндөр өртөгтэй сав газраар Орхон голын сав газар багтсан ба 1 тн тутамд 2700 төгрөг байхаар үнэлгээ гарчээ. Газрын доорхи усны нөөцийн хамгийн өндөр үнэлгээтэй нь Туул голын сав газрыг хамруулсан. Туул голын сав газарт газрын доорхи ус 1 тн тутамдаа 1440 төгрөг байхаар экологи эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байгаа. Тус үнэлгээнд тулгуурлан газрын доорхи болон гадаргын усны ашиглалтын зардлыг тооцож үзэхэд тухайлбал, Туул голын сав газарт гадаргын ус ашиглалт 1тн тутамд 265 төгрөг, газрын доорхи ус нь 945 төгрөг байхаар тооцож гаргасан байна. Шинэ хуулиар бол энэ үнийн хувь хэмжээг Засгийн газраас тогтоож өгөх ёстой. Ялангуяа уул уурхайтай холбоотой зэсийн баяжмал, хайлуур жонш олборлох зэрэгт гадаргын ус ашиглалтын доод хувь хэмжээ нь 10%, дээд хэмжээ нь 50% байхаар тооцсон. Харин газрын доорхи ус ашиглах бол 20-70% байхаар тооцсон. Тогтоолын төсөлд хамгийн доод хэмжээгээр нь 20% гэж тооцоолоод 940 төгрөг байхаар заасан байгаа. Тэгэхээр Туул голын сав газарт ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж нэг тн тутамдаа 250-300 төгрөг төлнө гэсэн үг юм. Урьд нь Туул голын сав газрын аж ахуйн нэгж газрын доорхи усанд 1тн тутамд 150 төгрөг төлдөг байсан бол одоо энэ үнэ 2-3 дахин нэмэгдэх юм.
Ус, усан орчинг бохирдуулдаггүй, халтай технологи хэрэглэдэггүй тийм байгууллагуудыг усны төлбөрөөс нэлээд өндөр хувиар хөнгөлнө. Хэрэглэсэн усаа дахин ашиглах, ус цэвэрлэдэг өндөр үзүүлэлттэй технологи хэрэглэхийг хуулиар хөшүүрэг болгож байгаа юм. Магадгүй хоногт 100 тн ус хэрэглэдэг аж ахуйн нэгж байвал 60 тн-ыг цэвэрлэж эргүүлээд ашиглах юм бол тэр хэмжээгээр усны төлбөрөөс хөнгөлөгдөнө. Тэгэхээр 40 тн усны төлбөр төлнө гэсэн үг юм. Ер нь бол эдийн засгийн хөшүүрэг ашиглаж Монгол оронд ээлтэй, хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, усыг зөв зохистой хэрэглэх, ашиглах тийм нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хууль юм. Ашигласны төлбөрөөс гадна бохирдуулсны төлбөрийн тухай хууль ч батлагдан гарна. Урьд өмнө ийм хууль байгаагүй. Энэ хууль гарснаар усыг бага бохирдуулах, стандартад хүртэл цэвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Хуулинд томоохон аж ахуйн нэгжүүдийг бие даасан цэвэрлэх байгууламжтай байхаар хуулинд заасан байгаа. Бохирдуулсан усаа стандарт шаардлагад тохирох хүртэл цэвэрлэхгүй бол нөхөн төлбөр төлнө. Хуулинд хоногт 100 тн-оос дээш усны хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдэд заавал ус цэвэршүүлэх байгууламжтай байхыг хуулинд зааж өгч байгаа.
Усан цахилгаан станц, усан тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, усны түгээмэл тархацтай амьтан ургамал үржүүлэг эрхэлдэг үйлдвэрлэлийн байгууллага, аялал зугаалга, усан спортын байгууламж ашиглаж байвал борлуулалтын дүн хэмжээнээс хамаарч төлбөр төлнө. Доод хязгаар нь 1%, дээд хязгаар нь 20% байхаар тооцож байгаа.
1960-аад оноос хойш Монгол орны гадаргын усны нөөц 80%, газрын гүний усны нөөц 20% багассан гэсэн тооцоо судалгаа гарсан байгаа. Гэвч газрын гүний усыг нөхөн сэргээхэд маш их хугацаа орох учраас гадаргын усыг ашиглах бодлого түлхүү явагдана. Монголд жилд орох хур тунадасны усыг цуглуулж хуримтлуулах юм бол бараг 10 жилийн хэрэглээг хангах боломж бий. Тийм учраас хур тунадасны усыг цуглуулах, томоохон голуудад далан хаалт барих, барилга байгууламжид ашиглах зэрэг асуудлыг бодлогын түвшинд ярьж байгаа.
Жирийн өрх айлууд хашаандаа худаг ухаж ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй тохиолдолд ус ашиглалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боловч усаа эргээд цэвэршүүлэхгүй хаях юм бол ус бохирдуулсны төлбөр төлнө. Дөрөв таван айл нийлээд дундаа бага оврын цэвэрлэх байгууламжтай болоод хэрэглэсэн усаа тэндээ цэвэршүүлж дахин хэрэглэвэл тодорхой хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.