Байшин бүрийн туулсан амьдралыг сонирхвол ямар нэгэн түүхийг агуулсан байдаг. Жишээ нь, Төв шуудангийн уулзварын өмнөх АН-ын байр болох дөрвөлжин цагаан байшин 70 настай. Х.Чойбалсан улс төрд эргэн ирэхдээ эл байшинд сууж Мал аж ахуй, газар тариалангийн сайдын ажлаа анх явуулж эхэлсэн гэдэг. Тэр үедээ гадаа нь хамгийн олон машин цуглаж, хамгийн олон хүн орж гардаг байшин Монголд энэ байжээ. Ийнхүү Х.Чойбалсан их удирдагч болох зам мөрөө энэ байшингаас эхэлжээ. Дараагаар нь энэ байшинг Багшийн сургуулийн оюутны байр болгожээ. Тэр үед нэгэн эмэгтэй оюутан 2 дугаар давхраас нь үсэрч амиа егүүтгэсэн гэх хэрэг гарчээ. Энэ нь Монголд анх удаа өндөр байшингаас үсэрч амиа хорлосон тохиолдол болсон байна. Эл яриаг зохиол Д.Маам гуай гэрчилдэг гэнэ. Энэ мэтээр тус байшин олон түүхтэй ажээ.