“Монголын гайхамшиг” эх хэлнээ амиллаа

Австрийн “Интерспот фильм” студи 2006 онд бүтээсэн “Монголын гайхамшиг” баримтат киноны монгол хэл дээр орчуулсан хувилбарыг, зохиогчийн эрхийг эзэмших эрхийн хамт өчигдөр БОНХ-ийн сайд С.Оюунд гардуулан өглөө.

Монгол орны ховор амьтан, ургамал, дэлхийд гайхагдах өвөрмөц тогтоц бүхий байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл болох улсын тусгай хамгаалалттай газар нутгаар “Монголын гайхамшиг” баримтат киног хийжээ.

Түүнчлэн уг киног өнгөрсөн хугацаанд Олон улсын зэрлэг амьтдын кино наадмын “Хамгийн сайн зураглалын шагнал”, Франц улсад зохиогддог Олон улсын уулын 15 дугаар кино наадмын шүүгчийн шагнал, Испанийн Тореллын уулын кино наадмын “Цагаан уул цэцгийн мөнгөн шагнал” хүртсэн байна.

“Монгол гайхамшиг” баримтат киноны зохиолч найруулагч Хайнц Лэгер “Азийн зүрхэнд орших Монгол орны онгон байгалийн хараа булаам дүр төрхийг дахин давтагдашгүй зургуудаар гаргахыг бид хичээсэн. Умард зүг Сибирийн хөвч тайгаас өмнө тийш Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам газар нутагтай энэ орон олон төрлийн зэрлэг амьтдын амьдрах нутаг болдог юм. Зүүн Монголын тал нутаг тэнгэрийн хаяатай нийлсэн байдаг бол сүрлэг голууд нь хойд зүгт Байгаль нуур, Япон тэнгист цутгадаг. Энэ киног бүтээхдээ би Монгол орон ер бусын гайхамшгаар дүүрэн гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн” хэмээн ярив.

Мөн “Монгол гайхамшиг” баримтат киноны хоёрдугаар бүлгийг 2014 онд хийхээр төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажлаа ирэх оноос эхлэх юм байна.