Цонжинболдогоос баруун тийш Агуйт уулын энгэр хэмээх түүхэн газар “Түмэн хишигтэн” цогцолборыг шинээр байгуулах гэж байна. Цогцолбор 140 га газар хамрах ажээ. Энд арван мянган хишигтэн цэргийн уран баримал, Хархорин хот гэсэн хэсгүүдтэй амралт, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний томоохон төвүүдийг барихаар төлөвлөжээ. Түмэн цэргийн уран баримал тус бүр 3.5 метр өндөртэй, 2 тн жинтэй байх ажээ. Нэг хөшөөний хүрэл цутгалтын үнэ 25 сая төгрөг, хүрлээс өөр материалын хувьд 12 сая төгрөг гэнэ. “Түмэн хишигтэн” цэргийг Чингис хааны хөшөөний дэргэд байгуулна. Дүрээ мөнхлөх сонирхолтой арван мянган хүний захиалгыг авахаар бүртгэлээ эхлүүлсэн ба одоогоор их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар дүрээ мөнхлүүлэхээр болжээ. Шинээр барих цогцолбортой холбогдуулан 11 дүгээр сард Цонжинболдогт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Хуралд их дээд сургуулийн судлаач багш нараас гадна Орос, Киргизийн монголч эрдэмтэд оролцсон байна. Профессор Ш.Дорж “Хишигтэн цэргийн тухай” илтгэлдээ “хишигтэн нь цэрэг биш, онцгой эрхтэй хүмүүс. Өнөөгийнхөөр яривал төрийн албан хаагч маягийн үүрэг гүйцэтгэдэг байсан” гэж ярилаа. Харин Оросын монголч эрдэмтэн Роман Почкаев дэлхийд армийн байнгын гурван хэлбэр байсныг онцлов. Нэг хэлбэр нь Монголын хишигтэн цэргүүд. Хишигтэн цэргүүд язгууртнуудаас бүрдэж байснаараа онцлог гэнэ. Профессор Ю.Болдбаатар илтгэлдээ “хар өнгө бол олон утгатай. Хархорин гэхийн хар нь дайсныг айлгах, сүрдүүлэх, далд хүчийг агуулж байсан” гэж ярилаа. Тус бага хурлыг зохион байгуулснаар тухайн үеийн ахуй амьдрал, зан заншил, хишигтэн цэргийн эрх, үүрэг зэрэг түүхийн бодит үнэнийг цогцолборынхоо ажилд тусгах зорилготой ажээ.