Монголын биосфер, экологи нийгэмлэгийн тэргүүн Г.Амарсанаа: Дэлхийд жилд 250-500 хүртэл тоо толгойгоор нь ирвэсээ агнуулж байгаа хэрнээ тоо толгой нь цөөрч буурдаггүй орнууд олон бий. Ирвэс бол янгирын, чоно, аргалын сүргийн хамгийн мууг нь барьж идэж тухайн сүргийг эрүүл байлгадаг чухал амьтан юм. Хавар янгирын ороо орсны дараа ирвэс дандаа хар загал тэх, хөгшин ямаануудыг барьсан байдаг. Энэ нь залуу улаан тэх, зусаг ямаанууд үржихэд нэгэнт үр төлөө үлдээсэн хөгшчүүл саад болохоос сэргийлж байгаа байгалийн нэг чухал зохилдлого юм. Харин анчид үүнтэй адил зөвхөн үр төлөө үлдээсэн зааз ирвэснүүдийг агнаж ирвэсийн сүргийг цэвэрлэдэг. Хөгшин залуу ирвэсийг ялгахад тун хялбар бөгөөд толбоны хэмжээ, хоорондын зай нь өөр байдаг байна. Сүргийн бүтэцэд цэвэрлэгээ хийгдсэнээр сүргийн нөхөн төлжилт хэвийн явагдах нөхцөл бүрдэж, тоо толгой нь өсөн нэмэгддэг. Ирвэсний тоо толгой нэмэгдсэнээр энэ амьтнаас олох орлого ч өсдөг. Ан амьтнаас олсон орлогын 50 хүртэл хувийг буцаад тухайн амьтнаа хамгаалах, судлах ажилд зарцуулдаг ба энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд ч санхүүгийн гачигдалгүй ажилладаг. ТББ-ууд амьтны биологийн болон агнах, ашиглах нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож үүндээ ШУА-ийн биологийн хүрээлэнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулдаг. Энэ нь “Ховор, ховордсон ан амьтан, ургамлын төрөл зүйлийг олон улсын хооронд худалдаалах тухай” конвенци (CITES)-ийн экспортын квот авах журмын дагуу квот авч цаашдын үйл ажиллагаандаа зориулах орлоготой болох боломжийг нээж өгдөг. Энэ нь зөвхөн ирвэс төдийгүй бусад бүх ан амьтан, ургамалд ч хамаарна. Өөрөөр хэлбэл, малчид малыг хамгаалах гэж бус ашиглах гэж л малаа өсгөдөг. Яг үүнтэй адил гэсэн үг юм. Мянган богтой байснаас мянган янгир, аргальтай байх нь малчдад илүү ашигтай болсон нөхцөлд Монголын байгаль буцаад унаган төрхөндөө орно. Үүнийг л ногоон хөгжил гэж хэлээд байгаа юм. Ан амьтдын тоо толгой цөөрсөн ч гэсэн тархалт нь 1000 жилийн өмнөхөөрөө байгаа маш цөөхөн улсын нэг нь Монгол юм. Энэ нь амьтан ургамлаа өсгөн байгалийн тэнцвэрт байдлаа эргүүлэн сэргээх хангалттай орлоготой болох бүрэн боломж байна гэсэн үг юм. 1995 оноос хойш “байгаль хамгаалах гэдэг нь зүй зохистой ашиглахыг хэлнэ. Зүй зохистой ашиглах гэдэг нь байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн зарчим дэлхийн орнуудад үйлчилж байгаа бөгөөд үүнийг “дахин сэргэлтийн үе” хэмээн тодорхойлж байгаа. “Ховор, ховордсон ан амьтан, ургамлын төрөл зүйлийг олон улсын хооронд худалдаалах тухай” конвенцид нэгдсэн олон улс орнуудын дотор ан амьтандаа квот аваагүй байгаа орнуудад хойд хөрш болон Дундад Азийн улсууд, Монгол үлдээд байна. Сүүлийн жилүүдэд урд хөрш маань маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж шагнал хүртэл аваад байгаа. Манай улс өрсөж квот авах нь чухал байна. Сүүлийн үед нас бие гүйцсэн ирвэсэнд залуу ирвэсүүд шахагдаж идэш тэжээлийн хомсдолоос болж малчдын хот руу дайрах нь ихэссэн учир айл бүр ирвэс буудаж хороосноор манай монгол улсад ирвэсийн тоо толгой зүй бусаар цөөрч байгаа юм. Арьсыг нь нөмөрсөн бөө нар ч их болж байна. Судлаад үзэх юм бол үржилд ороогүй залуу ирвэсний арьс голдуу байдаг. Ийм байдлаар олон улсын конвенциудын дүрэм журмаас гадна Амьтны тухай хуулийн 2.2 дугаар заалт зэргийг зөрчиж байгаа юм. Квот авч чадсанаар ирвэсний тоо толгой өсөх нөхцөл бүрдэнэ. Монгол орны амьтан ургамал гэдэг нь гадаад валютын асар их нөөц юм шүү дээ. Уул уурхайтай харьцуулахад гадны хөрөнгө оруулалт шаардахгүй. Нөхөгддөг баялаг учраас ач холбогдол, нөөц нь хязгааргүй юм.