БОНХЯ-наас тусгай ангын хуваарь хийдгийг болиулжээ.

БОНХЯ-наас тусгай ангын хуваарь хийдэг явдлыг болиулж байгаа ажээ. Орон нутгийн иргэдийн нөхөрлөлүүдийн агнахад тохиромжтой гэсэн аргаль угалзын тоонд үндэслэн салбарын сайд хуваарь хийнэ. Тухайлбал, тухайн аймаг, сумдын нөхөрлөлөөс энэ жил тэдэн тооны угалз нэлээн хөгширсөн гэж бүртгэсэн бүртгэл дээр үндэслэн анчдаар агнуулна гэсэн үг юм. Орон нутгийн иргэд нөхөрлөл болж өөрсдөө ан амьтдаа мэддэг, хамгаалдаг болох нь их тустай гэж үзжээ. Агнуурын компаниуд тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр иргэдийн нөхөрлөлтэй гэрээ байгуулсны дараа яаманд ирж батлуулах ёстой гэнэ. Ийм маягаар нутгийн иргэдэд эрхийг нь өгч байгаа ажээ. Харин тухайн нутаг дахь болон улсын хэмжээний нөөцийг яамнаас мэргэжилтэн гаргаж шинжлэх ухааны үндэстэйгээр тогтооно. Бас анчин хүнд анчны үнэмлэх олгох журмыг боловсруулж байгаа ажээ. Анчин хүн газар нутаг, уул усаа сайн мэддэг, сүргийн бүтцийг хараад таньж чаддаг, хөгшин настайг нь агнадаг мэргэжлийн хүн байх юм. Буу барьсан бүхэн анчин биш бөгөөд мэддэггүй хүн бол эр эм, хөгшин залууг ялгахгүй дураараа буудаж сүргийн бүтэц, тухайн ан амьтны өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэх мэт нарийн зүйлүүдийг хууль журмаар зохицуулан хэрэгжүүлэхээр тогтжээ.