“Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хурал 8-р сарын 27-30-нд Хустайн байгалийн цогцолборт газар болжээ. Хуралд хавтгай тэмээний нутаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд, орчны бүс болох Говь-Алтай, Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга, эдгээр аймгийн таван сумын удирдлагууд болон Англи, Австрали, Хятад зэрэг орны судлаачид оролцсон байна. Энэ хурлаас “говийн заан” гэгддэг хавтгай тэмээг тогтвортой хамгаалах стратеги төлөвлөгөө бүхий үндсэн баримт бичгийн анхны төслийг гаргажээ. Уг төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнд хэлэлцсэний дараа БОАЖЯ эцэслэн батлах юм. Алтайн өвөр говьд одоо 450 орчим толгой хавтгай байгааг тогтоожээ. Цаг уурын дулаарал, цөлжилтөөс үүдсэн усны хомсдол хавтгайн тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгааг судлаачид онцолж байна. Түүнчлэн ботгыг нь чоно барих явдал хавтгайн хорогдлын үндсэн шалтгаан гэнэ. Үүнээс гадна хавтгайн бэлчээр нутгуудаар хууль бус алт хайгчид нэвтрэн орох явдал сүүлийн үед мэр сэр тохиолдож байгааг олон улсын оролцогчид онцолжээ.