Манжийн дарангуйллын эсрэг тууштай тэмцэж байсан Хотогойдын Шадар ван Чингүнжавын эх оронч үзэл санааг хойч үед мөнхлөн үлдээх зорилгоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Чингүнжавын өргөн чөлөөнд хөшөөт цогцолборыг байгуулжээ. Хуяг дуулгаа асааж, дайн тулаанд авч явдаг байсан догшин хар тугаа зүүн гартаа барьж, сэлэм, нум сумаа агсаж, хилэн хар морио унасан байдалтайгаар босгосон ажээ. Зураг төслийг “Монгол уран цутгуур” компаний уран барималч Ш.Тэнгисболд гаргажээ. Хүрлээр цутгаж хийсэн ба 10 метр өндөр, 5 тонн жинтэй болжээ. Хөшөөний ард Шадар ван Чингүнжавын хэлсэн “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн үг бүхий хавтан байрлуулж хоёр хажууд нь түүний намтар, байгуулсан гавъяаг монгол, англи хэлээр сийрүүлжээ.