2013 онд 14 сав газрын захиргааг байгуулна.

2009 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар Монгол улсын нутаг дэвсгэрийг 29 сав газарт хуваан баталж байжээ. 2012 оны тогтоолоор эдгээр сав газрын захиргааг байгуулах шийдвэр гаргасан байна. Одоогоор албан ёсоор Туул голын сав газрын захиргаа байгуулагдсан ба 2013 онд 14 сав газрын захиргааг байгуулах төсөвийг баталжээ. Эдгээр сав газрын нэгдсэн удирдлагын хэлтэсийг БОНХЯ-нд байгуулан ажиллаж байна.

Усны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан ба шинээр усны мэдээллийн санг байгуулахаар заажээ. Усны мэдээллийн сан нь улсын хэмжээний усны тухай нэгдсэн мэдээллийг багтаах гэнэ. Тухайлбал, гадаргын ус, газрын доорхи ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нийт нөөцийн хэмжээ, ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт шинжилгээний дүн, ус ашиглалтын байдал, хаягдал усны хэмжээ, хаягдал усыг зайлуулахтай холбогдсон мэдээлэл, экологи эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгчийн тухай мэдээлэл, хайгуул судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээлэл багтах ажээ. Ус ашиглагч гэдэг нь хуульд зааснаар ашиг олох зорилгоор үйлдвэрлэл үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ. Ус хэрэглэгч гэдэг нь ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг хэрэглэгчийг хэлнэ. 

Усны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд жил бүр тухайн шатны засаг дарга зохион байгуулж усны мэдээллийн санд жил бүр оруулж байхаар заажээ. Энэхүү мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн Монгол улсын усны төлөв байдлын тайланг жил бүр гаргах ба БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн даргаар Г.Ганбат томилогджээ. Сав газрын захиргаадыг байгуулснаар үндэсний хэмжээнд усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлдэг сүлжээ бий болох юм.

Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг тогтоосон байна. Усыг бохирдуулж байгаа бодисыг энгийн болон аюултай гэж ангилна. Мөн хаягдал усны хэмжээг 2 хуваан үзэх болсон ба энэ нь хоногт 50 шоо метрээс их ус, 50 шоо метрээс бага ус гаргагч гэж ангилах юм байна. Сав газар бүр өөр, өөрийн гэсэн үнэлгээтэй учраас үнийн хувьд бас ялгаатай. Нөхөн сэргээгдэх чадвар муу, усны нөөцөөр хомс сав газруудад усны хэрэглээний болон ус бохирдуулсан төлбөр арай илүү өндөр оногдохоор заажээ.