Солонгосын виз улам нээлттэй болж байна.

                                        БНСУ-ын Хууль зүйн яамны статистик дүн мэдээгээр энэ оны 1-10 дугаар сард Монголын 51632 иргэн БНСУ-д зорчин иржээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 10 мянгаар илүү байгаа аж. Виз мэдүүлэгчдийн тоо өмнөх оныхоос 40%-иар нэмэгдсэн ба энэ нь сард 3000 хүн виз мэдүүлдэг гэсэн үг юм. Өмнө нь ямар нэгэн визийн зөрчил гаргаж байгаагүй бол Солонгосын виз харьцангуй нээлттэй болж, виз мэдүүлэгчдийн 90% хүртэл виз олгодог болсон байна. Виз олголтоос татгалзах хувь үргэлжлэн буурах тохиолдолд харилцан визнээс чөлөөлөх хэлэлцээрийг эхлүүлэхэд эерэг нөлөөтэй хэмээн үзэж буй ажээ.

БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам энэ 10 дугаар сарын 1-нээс эхлэн “визний хөнгөвчилсөн нөхцөл”-ийг хэрэгжүүлэх болжээ. Тухайлбал, БНСУ-д магистр хамгаалаад ирсэн залуу энэ оны 11 дүгээр сард БНСУ-д суралцаж буй найзтайгаа уулзах зорилгоор виз мэдүүлэхэд магистр төгссөн гэрчилгээнийх нь хуулбараар шууд виз олгосон бол Солонгос иргэнтэй гэр бүл болсон охин дээрээ очихыг хүссэн 70 настай эмгэнээс санхүүгийн бичиг баримт шаардалгүй визийг нь гаргажэээ. Мөн олон удаагийн визний хураамж 80 ам.доллар байсан бол энэ хураамжийг авахгүй болгосноор гэр бүлээрээ виз мэдүүлэгчдийн тоо аажим аажмаар нэмэгдэж байгаа ажээ. Визний зориулалт бүхий хадгаламжийг шинээр бий болгосноор виз мэдүүлэхэд урьд өмнө шаардаж байсан санхүүгийн олон баримт шаардлагагүй болсон байна. Өөрөөр хэлбэл, тус хадгаламжийн дэвтэр байхад л хангалттай бөгөөд заавал нийгмийн даатгалын дэвтэр болон татварын тодорхойлолт шаардлагагүй болсон байна. Энэхүү визний зориулалт бүхий хадгаламж нь дөрвөн сарын хугацаатай бөгөөд эл хугацаанд энгийн хүү бодогдохоос гадна хадгаламж эзэмшигч өөрийн хүсэлтээр мөнгөө буцаан авах боломжтой ажээ. Төрөл садангийн лавлагаа, гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн цагдаагийн тодорхойлолтыг анх удаа виз мэдүүлж байгаа иргэд болон зайлшгүй шалгах шаардлагатай гэсэн хүнээс л шаардахаар болсон байна. Визний материалыг хянах хугацаа ч 14-7 хоног болж буурчээ.