Цагаан агуй

Цагаан агуй нь Баянхонгор аймгийн нутаг Бага Богд уулын өмнөд хэсэгт Баянлиг сумаас зүүн хойд зүгт байдаг. Уг агуй цул шохойн чулуун уулын бэлд, тухайн уулыг хөндлөн огтолсон гүн хавцалд оршино. Агуйн нийт урт нь 44.1 метр, 4.5 метр дундаж өндөртэй, 4.4 метр дундаж өргөнтэй. Хоорондоо нарийн хонгилоор холбогдсон дөрвөн том танхимтай. Агуй үүссэн чулуу нь венд-кембрийн үеийн наста гантигжсан шохойн чулуу юм.

Уг агуй нь хэвтээ шинжийн карстын агуй юм. Агуйн хана, дээврийн хэсэгт үүссэн ан цав маш бага, ургуу болон унжуу хана ерөөсөө байхгүй. Гурав дахь танхимд нилээд том яндан хоолой үүссэн бий. Агуйн хана дээврийн хэсэг нь том том талсттай шаравтар өнгөтэй исланд жоншны талстаар бүрхэгдсэн байна. Агуйн дээвэр нь бөмбөгөр хэлбэртэй, танхимуудын шал нь тэгш хавтгай юм.