Манай улс идлэг шонхрын тоо толгойг өсгөх,
хамгаалах зорилгоор хиймэл үүрний төсөл
хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд АНЭУ-ын Абу Дабигийн байгаль орчны
агентлагийн санхүүжилтээр 2010 оноос эхлэн хиймэл үүр барьж байна. Энэ талаар “Зэрлэг
амьтан, судлах, хамгаалах төв”-ийн төслийн менежер Г.Батбаяраас тодрууллаа.
Идлэг шонхрын 2000-5000 үржлийн хос манайд байгаа. Идлэг
шонхор өөрөө үүр засдаггүй шувуу. Газрын гадаргаас 2-3 метрийн өндөрт хад асга,
модонд хэрээ, сар зэрэг шувууны зассан бэлэн үүрэнд үүрлэдэг. Мөн шонгийн мод
зэрэг хүний бүтээсэн зүйлүүдэд үүрлэнэ. Сүүлийн жилүүдэд өндөр хүчдэл дээр
сууж, цахилгаанд цохиулан олноор эрсдэх болсон. Гэтэл үнэндээ гадаад руу гаргаж
байгаагаас ч олноороо үхдэг. Идэш тэжээл, амьдрах орчин нь байгаа нь байгаа
атлаа үүрлэх газаргүйгээс тоо толгой нь ихээхэн хоргодоод байгаа юм. Тиймээс идэш
тэжээл элбэг байгаа газар нь хиймэл үүр хийх нь шонхрын өсөлтөд ихээхэн ач
холбогдолтой.
Монгол орны төвийн нутгуудаар 5000 хиймэл үүр
байршуулаад байна. Эдгээрт өнгөрсөн жил идлэг шонхрын 200 үржлийн хос үүрлэж,
800 ангаахай ниссэн. Харин энэ жил 380 үржлийн хос үүрлэн 1298 ангаахай нисээд
байгаа. Бидний байршуулсан хиймэл үүрэнд идлэг шонхроос гадна начин шонхор,
шилийн сар, хон хэрээ зэрэг шувуу үүрлэдэг. Энэ жил гэхэд л начин шонхрын 905
хос, шилийн сарын 298 хос, хон хэрээний 269 хос үүрлэсэн байна.