ОХУ-ын агаарын бөмбөлөгийн нэрт нисгэгч манай улсын дээгүүр ниснэ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам нэгэн сонирхолтой аяллын багийг удахгүй Улаанбаатар хотноо хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. ОХУ-ын агаарын бөмбөлөгийн нэрт нисгэгч В.А.Ефремов нь өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю. Тюриннарын хамт алдарт “Гэгээн Орос” агаарын бөмбөлөгөөрөө Улаан-Үүд хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч Монголын нутгаар 12-р сарын 5-6-ны өдрүүдэд нисч Улаанбаатар хотноо ирэх юм.

Энэхүү аялалыг ССАЖЯ, ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, “Моя Москва” соёлын сангаас хамтран Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсаны 100 жилийн ойг тохилдуулан “Орос гүүрэнд хүрэх гүүр” төслийн хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр явуулахаар зохион байгуулж байна. Аялалын Монголын талын ерөнхий ивээн тэтгэгчээр Н.Баатаржав ерөнхий захиралтай “Дашваанжил” ХХК оролцохоор ССАЖЯ-тай тохирсон байна. Харин нэрт нисгэгч В.А.Ефримовын аялалыг ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв гардан зохион байгуулж байгаа бөгөөд тэд энэ сарын 7-10-ны өдрүүдэд ССАЖЯ-ны удирдлага, их, дээд сургуулиудын оюутнуудтай уулзалт хийх, хэвлэлийн бага хуралд орох, түүх дурсгалын газар үзэх, сангийн үйл ажиллагаагаа суртчилах зэрэг хөтөлбөрийн дагуу ажиллах юм байна.