Монголын дөрвөн тахь Токио хотын “Тама” амьтны хүрээлэнд амьдарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Японы Токио хотын захиргааны Барилгын газрын дарга Коичи Мурао нар өчигдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад айлчлах үеэрээ дэлхий нийтэд Прежевальский адуу хэмээн алдаршсан монгол тахийг бэлэглэхээр ярилцсан юм. Тэр дагуу Токио хотын захиргаа болон “Тахь хамгаалах сан”- тай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тусгасан ёсоор нэг эр, гурван эм тахийг Токио хотын “Тама” амьтны хүрээлэнд нийлүүлэнэ” хэмээв. Урьд нь монголчуудын тухай япон хүүхдүүд цагаан морь унасан Сүх хүүгийн үлгэрээр юмуу, морин хуураар төсөөлж байсан бол одоо Сүх хүүгийн цагаан морины дээд өвгийг мэдэх боломжтой боллоо. Дэлхийд ховордсон ан амьтан, түүний дотор зэрлэг адуу, тахийг хамгаалах зорилгоор Токио хотын захиргаанд ийнхүү монгол тахь бэлэглэж байгаа аж.