Чингүнжавын хөшөөний нээлт болно

Манжийн дарлалаас монголчуудыг чөлөөлөхөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Хотгойдын шадар ван Чингүнжавын дурсгалыг хүндэтгэж, цогцолбор нээх ёслол маргааш 12.00 цагт болно.

Нээлтийн ажиллагаа Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын өргөн чөлөөнд /25-р эмийн сангаас дээш өгсөх зам дагуу “Петровис”-ийн ШТС-ийн хажууд/ болох юм.

Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт босогчдын гол удирдагчдийн нэг болох Хотгойдын шадар ван Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйс зэргийг залгамжилж, Хотгойд хошууг захирах болжээ. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй Манжийн эсрэг тэмцэж байжээ. Монголчууд 2010 онд Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэсэн билээ.