Монгол төрийн Үндэсний ИХ НАЙРАЛ хөгжим 50 жилийн түүхт ой

1962 оны 12 дугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас тус чуулгын үндэсний хөгжмийн их найрлын шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золголоо.
Чуулгын үндэсний найрал хөгжим түүхийн урт хугацаандаа хөгжмийн бүтэц, төрөл зүйлд онцгой анхаарч, цаг үеээ соргогоор мэдэрч, урын сангаа баяжуулж ирсэн нь монголын хөгжмийн урлагын нэрт зүтгэлтнүүд, үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн үр шим билээ.
Үндэсний их найрал хөгжим эдүгээ "Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал"-ын үндэс суурь болтолоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурьвин өөрийн орны хүрээнээс хальж, олон улсын тавцнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж байна.

Үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолтоо 11 сарын 25-нд зохион байгуулахаар ҮДБЭЧ-ын хамт олон шилдгийн шилдэг уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр бэлтгэл ажилаа хангаад байна.