Монголд ердөө 20 гаруйхан мазаалай
үлдсэн байна. Мазаалай баавгай нь дэлхийд устаж үгүй болсон амьтан бөгөөд
зөвхөн манай улсад өнөөдрийн байдлаар 8 эм, 14 эр нийт 22 тоо толгой
бүртгэгдээд байгаа аж. Мазаалайг хайрлан хамгаалж, амьдрах орчныг нь сэргээн
тусгай бэлтгэсэн орчинд гаршуулан үржүүлэх санаачлагыг Байгаль орчин, ногоон
хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ээлжит шуурхай хуралдаанаар
ярилцжээ. Эн тэргүүнд “Мазаалай хамгаалах” ажлын хэсэг байгуулж санал
боловсруулан Засгийн газарт танилцуулах юм байна. Түүнчлэн “Мазаалай сан”
байгуулж, гадаад улс орнуудын эрдэмтдийг урьж, нэн ховордсон ан амьтдаа хэрхэн
өсгөж үржүүлдэг арга туршлагаас нь судлан хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн 2013
оныг “Мазаалайг хамгаалах жил” болгон зарлах, зоо парктай болох, үндэсний баавгай
болгох, mazaalai.mn
сайт нээх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зэрэг олон
санал санаачлага гаргасан байна.