Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уг тогтоолыг танилцуулж, Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлах ёслолын ажиллагаа өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Монгол Улсын Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолд зориулан “Хаан шонхор” сэдэвт шонхор шувууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Богд хааны ордон музейн ховор шувуудын үзэсгэлэн нээгдэж олны хүртээл болсон юм.
Монголын шувуу судлалын нийгэмлэгээс шонхор шувууны амьдралыг харуулсан 50 гэрэл зургийг дэлгэсэн бол Богд хааны ордон музейгээс Диваажингийн шувуу, Саарал дарваан, Отгот малиба, Шаргал дэл-согоот, Ногоон эвэр хошуут зэрэг 20 гаруй ховор шувууны үзмэрийг нийтэд танилцуулсан.
Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолын ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам хариуцан зохион байгуулсан бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын дэд захирал Н.Болд найруулжээ. Мөн энэ үеэр Шонхор дээд сургуулийн оюутнууд хүчит шонхорын дэвэлтээр дэвж үзэгчдэд сонирхуулсан юм.
Дэлхийн улс орнууд өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм.
Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билэгдэл болгосоор ирсэн. Түүх соёл, нүүдэлчдийн ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Монголчууд Үндэсний бахархалт шувуу хэмээн хүндэтгэн зарлалаа.
Үүнээс хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билгэдэл болгож, шонхор шувууг зүй бусын хоргодол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа.