Монголын их хаадын хөргийг заллаа

Монгол Улсын түүхэн дэх үе үеийн 37 хааны хөрөг Төрийн ёслол хүндэтгэлийн Их өргөөнд залах ёслол өнөөдөр боллоо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монголын 37 хааны хөргийг анх удаа бүтэн биеэр нь бүтээж, Төрийн ёслол, хүндэтгэлийн Их өргөөнд залав.

Хаадын хөргийг залах ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд оролцлоо. Эзэн богд Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртлэх алтан ургийн 37 хааны хөргийг залсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын З.Энхболд нар тулганд гал ноцоож, гэрийн жаврыг үргээв. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Мөнх тэнгэрийг эзэд болсон их хаад минь хөрст алтан дэлхийдээ хөрөг дүрээрээ морилон саатлаа. Үүгээр монголчуудын шинэ сэргэн мандалын үе ирж байна гэж хаад өөрсдөө “хэлж” байна.

Өвөг дээдэс, мөнх тэнгэрээ шүтэн биширч, Монгол тавилангаар хорвоог чимж, малчин заяагаа дээдлэн амьдрах ерөөлийг билгэдье” гэж ерөөлөө. Их хаадын хөргийг зохиолч, түүхч, зураач Т.Мандирын зөвлөсний дагуу түүхийн зөвлөх Н.Нагаанбуугийн зааврыг үндэслэн Ц.Бадамрагчаа бүтээжээ. Эхэндээ цээж зураг шиг байсныг өөрчилж бүтэн биеэр нь бүтээсэн аж. Хөргийг монгол зургийн аргаар даавуун дээр зурж торгон суурьтай хүрээнд хийсэн байна.