Харин өнөөдөр Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан хийсэн “Тэмүүжин-850” маркны нээлт Төрийн ордны Баганат танхимд, “Чингис хааны өв” үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний түүхийн музейд тус тус боллоо.
Үзэсгэлэнгийн танхимд Монголын үндэсний музей, Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн тэргүүтэй музейн сан хөмрөгийн 400 гаруй үзмэр тавигджээ. Их хааны үлдээсэн түүх, соёлыг түр үзэсгэлэнгийн танхим, нэн эртний үеийн болон 13-14 зууны үеийн гэсэн танхимуудад дэлгэн тавьсан байлаа. Эл үзэсгэлэнгийн танхимд Чингис хаан болон 13-14 зууны үеийн хаад, хатдын хөрөг зураг, хувцас, гоёл чимэглэл байх ажээ. Харин нэн эртний үеийн танхимд Чингис хааны намтар, Их Монгол Улсын төрийн бэлэгдэл, зохион байгуулалт, Чингис хааны үеийн түүх, археологийн холбогдолтой үзмэр тавигдсан нь олны анхаарлыг татаж байв. 13-14 зууны үеийн танхимд Чингис хааны байлдан дагуулал, цэрэг болон зэр зэвсгийн түүхэн хөгжилтэй холбоотой үзмэрүүд, Хархорин, Аваргын балгас, Хэрэйдийн Ван ханы орд хот суурийнгийн малтлагаас гарсан олдвор, Дундад эртний үеийн бичиг үсгийн дурсгалууд байлаа.
Үүнээс гадна Тайваний үндэсний ордон музейд хадгалагдаж байгаа хаад, хатдын хөрөг зураг болон “Хубилай хаан ан хийж байгаа нь” зэрэг зургууд, малгай, богтог малгайн цог чимэг, алтан ээмэг, зүүлт, толь, энгэсэгийн гэр, эрэгтэй эмэгтэй дээл, гутал, болор бүс, монгол цэргийн нум сум, цэргийн гутал зэрэг урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин үзмэрүүдийг дэлгэн тавьсан нь яах аргагүй олны харааг булааж байсан юм. Уг үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ.