“Чингис хаан -850” марктай боллоо

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан гаргасан “Чингис хаан-850” шуудангийн маркийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Чингис хааны мэндэлсний түүхэн ойг тохиолдуулан “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газраас нэгэн шинэ марк гүйлгээнд гаргаж байна. Уг маркийг зураач Ц.Цэнгэл, дизайнер Б.Дамдинсүрэн нар бүтээсэн бөгөөд Чингис хаан мориноос буугаад зогсож байгаа болон түүний ар талд Бурхан халдун уул харагдаж байгаа байдлаар дүрсэлжээ. Маркийн хэмжээ нь 30*50 харьцаатай бөгөөд нийт 19800 ширхэгийг хэвлэжээ.

Маркийн анхны өдрийг баталгаажуулсан дугтуйг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, “Монгол шуудан” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар тамгалж гарын үсэг зуран, Маркийн музейд хадгалуулахаар өгөв. Ингснээр “Чингис хаан-850” марк Монголын болон дэлхийн зах зээлд худалдаанд гарч байгаа юм.

Чингис хааны сэдэвт хамгийн анхны маркийг одоогоос 50 жилийн өмнө буюу 1962 онд манай улс гаргаж байсан ба үүнээс хойш Чингис хааны болон бусад түүхэн ойд зориулан 30 гаруй сэдэвт марк гаргасан байна.