Явган аяллын чиглэл тогтоохоор болжээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулинд “Аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ талаар "Хэвлэлийн хурал" хийлгэж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, тус яамны ахлах мэргэжилтэн Д.Сүрэнхорлоо, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцлоо.

Уг ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт явган аяллын чиглэл тогтоох, алхах зам тохижуулах зөвлөмжийг боловсруулж байгаа гэнэ. 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, аялал жуулчлалын байгууллагуудаар тухайн орон нутагт аялах боломжтой газруудын чиглэлийг тогтоолгох гэнэ.  Ингэснээр тодорхой мэдээллийн сан бүрдэх бөгөөд түүгээрээ аялагчдад зориулсан гарын авлага хэвлэх аж.  Мөн тус яамны вэб сайтаас аяллын талаарх мэдээллийг авч болох тухай Д.Жаргалсайхан онцолсон юм.

Гарын авлага болох товхимолыг ирэх оны зунаас өмнө гаргах юм. Яамны зүгээс тогтоосон маршрут гарсны дараа хүмүүс байнгын явах газрыг тохижуулахаар болжээ.