Тусгай хамгаалалттай газар нутагт
аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,
байгууллагуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсэн байна. Шалгалтад
нийслэл болон орон нутгийн нийт 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны
бааз, 157 амралтын газар хамрагджээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан нуур,
Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Төмөрбулаг сум, Хатгал тосгон зэргийг хамарчээ. Шалгалтад
хамрагдсан жуулчны баазуудын ихэнх нь байгаль хамгаалах төлөвлөгөөг
боловсруулж, батлуулаагүй байсан аж. Түүнчлэн Жанхай усан замын орчим газруудад
өвөлжөө, хаваржаа, гэр бүлийн зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл авсан атлаа
аялал жуулчлалын зориулалтаар 1-5 гэр барьж, газар ашиглах тусгай зөвшөөрөл
авалгүйгээр гэр буудлын үйлчилгээ эрхэлж байсан 20 орчим иргэнийг илрүүлжээ. Төлөвлөлтгүйгээр
дархан цаазат Богд хан ууланд аялал жуулчлалын зориулалтаар 391, Тэрэлжийн
байгалийн цогцолбор газарт 180 аж ахуйн нэгжид газар олгосон байжээ. Эдгээрээс одоогийн
байдлаар Богд хан ууланд 21, Тэрэлжид 80 аж ахуйн нэгж аялал жуулчлалын
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Харин Хөвсгөл аймагт зөвшөөрөгдсөн
аялал жуулчлалын замгүй, чиглэлийн тэмдэгжүүлэлтгүй, шаардлагатай орон байргүй,
тээврийн хэрэгслийн зогсоол гаргаагүй, эрүүл ахуйн нөхцөлийг нь бүрэн
хангадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн “Монгол далай”, “Хөвсгөл
усан зам” зэрэг аж ахуйн нэгж нь тогтоосон цэгээс бусад газрыг хог хаягдалаар
бохирдуулж, бохир ус зайлуулах байгууламжгүй байжээ. Шалгалтад хамрагдсан ихэнх
жуулчны баазууд ундны усны нөөцлөх савандаа зориулалтын халдваржуулалт
хийгээгүйн улмаас шинжилгээгээр нян, гэдэсний савханцар ихтэй болох нь
тогтоогджээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг
жуулчны баазуудын 10 хувь, Хөвсгөл далайн эрэг орчмын бүх жуулчны баазууд хэт
ойрхон шигүү байрлалтайгаас гадна 67 орчим хувь нь аянга газардуулагчтай боловч
газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар
тодорхой ажил хийгдээгүй байсан байна. Мөн зочдод анхааруулга санамж өгдөггүй,
бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцлийг
бүрдүүлж, зориулалтын тэргэнцрээр хангадаггүй болох нь шалгалтаар илэрсэн
байна.