Аялгуут жүжгийг дуурь болгон шинэчлэн найруулсан нь

1942 онд “Улсын төв театр”-т шинэ зохиол дутагдаж, жүжигчид хуучин жүжгүүдээсээ сонгон шинэчлэх үед жүжишчин З.Цэндээхүү “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг шинэчлэн тоглохыг санал болгожээ. Зохиолч Ц.Дамдинсүрэн цомнолыг засварлан бичиж, А.Рабинович, гавъят жүжигчин Д.Бат-Очир нар найруулж, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар хамтран бичиж, тайз хувцасны зураг болон загварыг Н.Бщльский, Н.Чүлтэм, Л.Гаваа нар бүтээжээ. Шинэчилсэн тоглолтын Юндэнд А.Цэрэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэноров, Балганд Л.Лувсан, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар тогложээ. Жүжигчин А.Цэрэндэндэвийг үзэгчид одоо болтол жинхэнэ Монгол төрхийг гаргаж чадсан гэж үнэлцгээдэг байна. Ц.Дамдинсүрэн цомнолыг засварлахдаа гол дүр нь үхэж эмгэнэлтэйгээр төгсдөг хэсгийг ардын тэмцлийн ялалтаар төгсгөж, хувьсгалын өмнөх драм болгон өөрчилжээ. Анх найман жүжигчид тоглодог байсныг болиулж, 30-40 хүн тоглодог ардын дууны аялгуут хөгжмийн зохиолтой болгож, хуучин гурван уулын дунд үйл явдал болж байсныг өөр хоорондоо ялгаатай газарт болгон өөрчлөн, олны хэсгийн дууны үгийг шинээр бичжээ. Мөн эхлэл төгсгөлд нь олны бүжиг оруулсан байна. Энэхүү шинэчлэлтүүд нь амжилттай болж үзэгчдэд ихээр таалагдсан гэдэг.