Энэ сард Монголчууд балетийн оддоор “бялуурна”

Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолтын хөтөлбөрт гэнэтийн бэлгүүд өөрчлөлт оруулж, 11-р сард хоёр том үйл явдал болох гэж байна. Тус театрын тайзнаа ОХУ-ын балетын одод 11-р сарын 2-нд тоглох гэж байгаа бөгөөд Их, бага театрыг төлөөлсөн шилдэг бүжигчдийн тоглолтын араас энэ сарын 18-нд Америкийн балетын театрын гоцлооч, супер од Саша Радецки Монголд ирж А.Аданы “Жизель”-д бүжиглэхээр болжээ.

АНУ-ын балетын хамгийн алдартай компани болох “American ballet theatre өнгөрсөн сарын 16-нд шинэ улиралын тоглолтоо “Родео” балетаар нээжээ. Метрополтан театрын тайзнаа тоглосон балетыг Саша Радецки гоцолсон юм. Тэрбээр 10-р сарын 24-нд Барселонд урилгаар тоглосон бөгөөд энэ сард манай улсад тоглох боломж тохиожээ.

ДБЭТ-ын 50 жилийн ойн хүндтэй зочдын нэг Саша Радецки “Center Stage киноны гол дүр болох Чарлигийн дүрээр Холливуудад алдаршсан билээ. Саша Радецки нь Санта Круз хотод төрсөн бөгөөд 15 настайдаа Москвагийн Большой академид урилгаар очиж суралцсан байна. Түүний багш нь алдарт бүжигчин Пётр Пестов байлаа. Дараа нь тэрээр Америкийн балетын театрын сонгодог бүжгийн сургуулийг Михайл Баришниковын удирдлага дор төгсчээ. Тэрбээр Жорж Баланшин, Марк Моррис, Пол Тэйлор, Лар Любович, Кеннет Мак Миллан, Твила Тарп, Энтони Тюдор, Жон Кранко, Агнес Де Миль, Жорма Эло, Жероме Роббинс, Энн Рэйнкинг, Кристофер Уйлдон нарын алдартай балетмейстрүүдийн бүтээлд ихэвчлэн тоглодог гэнэ. Түүнчлэн саяхан “Хар хун” киноны бүжиг дэглээч Бенжамин Миллепидийн уран бүтээлийг тэр амилуулжээ.

Энэ арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар АНУ-ын “Blue Silk Travel компани ажиллаж байна.