Хүннүгийн үеийн булш Хөвсгөлөөс олджээ

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар Хөвсгөл аймгийн Рашаант сумын Салхитын ам гэдэг газраас Хүннүгийн үеийн булш олжээ.

Тэндээс 31 хүний шарил олсон бөгөөд МЭӨ II зууны үед амьдарч байсан Хүннүчүүдийнх гэнэ. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач нар гурван жилийн турш малтлага хийж, судалгаа явуулж энэ олон шарилыг олсон бөгөөд судалгааныхаа дүнг удахгүй хэвлүүлэхээр төлөвлөж буй аж.

Тус хүрээлэнгийн Эртний түүх, сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяр “Энэ олдвор нь Хүннүчүүдийн оршуулгын газар. Эртний Хүннүчүүдийн оршуулгын зан үйлийг судлахад маш чухал ач холбогдолтой олдвор” гэлээ.

Булшнуудын хоёр нь тоногдоогүй, олдсон эд өлгийн зүйлсийн ихэнх нь ясан эдлэл байжээ. Мөн өмнө нь олдож байгаагүй үүлэн хээ бүхий бүсний ялтас, нарийн хийцтэй, сэнжтэй вааран эдлэл булшнаас олджээ.