Байгаль нуурт цутгадаг 40 гол ширгэжээ

ОХУ-ын Примолын газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулсан Байгаль нуур орчмын судалгаа, шинжилгээний багийнхан дэлхийн хамгийн цэнгэг устай нуурт цутгадаг том, жижиг 40 гол сүүлчийн хагас зуунд ширгэж алга болсон тухай мэдээлжээ. Судлаачид Байгаль нуур орчмын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэсэн байна. Судалгааны багийн ахлагч С.Саблин “Өнгөрсөн жил биднийг очиход байдал энэ жилийнхээс арай дээр байсан. Ганц жилийн дотор нуурын орчим ийм их хэмжээний бохирдолтой болж, хогондоо дарагдсан нь харанга дэлдсэн байна” гэв. Дөчин голоос гадна сүүлийн 135 жилийн хугацаанд тус нуурын усыг сэлбэдэг 336 горхи, жижиг эх үүсвэр үгүй болсон аж. Одоогийн байдлаар нуурт цутгадаг гол, горхинууд чухам юунаас болж ширгэж, татарсныг судлаагүй бөгөөд ирэх жил энэ талаар өргөн хүрээтэй ажил зохион байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран шалтгааныг нь тогтоох гэнэ. “Нуур орчмын бохирдолтой тэмцэхийн тулд мөнгөн торгуулийн хэмжээг өсгөх шаардлагатай. Байгаль нуурт аялж, зугаалж байгаа жуулчдын тээшин дэхь хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээ тогтоон 500 рублийн барьцаа авах хэрэгтэй. Харин буцахдаа хогоо авч явж байгаад нь дээрх мөнгийг эргүүлэн олгодог болно” гэж Байгаль нуурыг хамгаалах сангийн орлогч ерөнхийлөгч Баир Цыренов мэдээлсэн байна.