Ингээд Д.Нацагдорж хоёр хоногийн дараа тус аялгуут жүжгийн нэгдүгээр хэсгийг бичив. Энэхүү хэсэг нь Д.Намдагт таалагдсан тул шууд сургуулилтандаа оржээ. Анхны жүжгийн бэлтгэлийг хийхээр болоход Юндэнд Ц.Цэгмид, Нансалмаад Т.Хандсүрэн, Балганд Жадамбаа, Хоролмаад Дэвээ хоёр бэргэндэгчид Сосорбарам, Дагийсүрэн бэр буулгагчид Цэндээхүү, Нацагдорж нар тоглохоор болсон байдаг. Жүжигчид дуулах дуунуудаа “Гантөмөр”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар”, “Юндэн Гөөгөө” зэрэг ардын дуунаас сонгон авчээ. Жүжигчид сургуулилтаа эхэлж бэлэн болгох үед хоёрдугаар үзэгдэл бэлэн болсон ч гурав болон сүүлчийн үзэгдэл нь нилээд удаж мэндэлжээ. Тайз заслыг Савелов гэдэг Орос хүн Цэрэндорж мужаантай хамтран хэд хоногийн дотор бэлэн болгожээ. Ингээд удалгүй анхны аялгуут жүжиг бэлэн болж тоглосон байна. Жүжигчдийн ур чадвар сайн байсан ч ганц дутагдал нь хоолойн ур чадвар байсан гэдэг. Гэсэн ч “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа амжилттай тогложээ.