Үйсэн дээрх бичиг эх орондоо ирлээ

Монголын үндэсний номын санд өчигдөр Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын соёлын харилцааны хэлэлцээрийн дагуу Германд бүрэн засварласан түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, тус яамны сайдын зөвлөх Х.Золбаяр, соёлын бодлогыг хэрэгжүүлэгч газрын дарга Т.Оргил, МҮНС-гийн дарга Х.Чилаажав, ХБНГУ-аас манай улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Шаллер, нэгдүгээр нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн ажиллагааний үеэр Ц.Оюунгэрэл сайд 20 жилийг элээн соёлын үнэт өвийг маань сэргээн засварлан өгсөн ХБНГУ-ын эрдэмтэд, тус улсын Засгийн газар болон хоёр улсын соёлын харилцааг идэвхжүүлж байгаа байгууллагуудад талархсанаа илэрхийлсэн юм.

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Хар бухын балгасын туурьт 1970 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан археологийн анги малтлага хийж, тус ангийн удирдагч Х.Пэрлээ, Е.В.Шавкунов нар эвдэрхий суварганы нурангиас үйсэн дээр Монгол, Түвд хэлээр бичсэн олон тооны гар бичмэл олжээ. Энэ бичмэлүүдийн олонх нь Монгол хэлээр бичигдсэн байснаараа онцлогтой аж. Үйсэн дээр бичсэн хамгийн том бичгийн цуглуулга 1000 орчим хэсэг гар бичмэлээс бүрдэж байсан ба 15 ширхэг нь бүтнээрээ, бусад нь тасарч шатсан байжээ. Ийнхүү дэлхийн өвд бүртгэгдсэн “Үйсэн дээрх бичиг” эх орондоо ирлээ.