Улаанбаатараас
1040 км зам туулж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишгэдийн доод эх,
Цагааннуурын бэлчир, Хогорогийн амны бирвааз хүрнэ. Энэ замыг “Уаз-469”, жийп,
эсвэл туулах чадвар сайтай ачааны машин л туулна. Хогорогийн бирваазаар ачааны
машин гарах боломжгүй. Эндээс цааш Ренчинлхүмбэ сумын хоёрдугаар багийн нутаг
Тэнгисийн Алаг хадны буланд хүрэхийн тулд мориор эс бөгөөс нисдэг тэргээр л очно.
Шишгэд нь
Тэнгисийн голын бэлчрээс доош, улсын хилээс дотогш 40-өөд км-т оршдог. Энэ газар
нь аймаг сумаас алслагдсан, улсын хилийн бүс болон Улсын тусгай хамгаалалтын
газрын гүнд, хүн амьтан амьдардаггүй аглаг зэлүүд нутаг юм. Нэгэнт очсон хүнд
бол диваажин л гэсэн үг. Байгалийн сайхан бүрдсэн энэ нутагт ан гөрөө хайсан
хүмүүс хааяа очсон байх нь бий . Сүүлийн үед очихоо болиод байж. Гэтэл нэг л
өдөр энэ сайхан нутагт нисдэг тэрэгний дуу хавийн амьтныг үргээж, Алаг хадны
буланд тус бүртээ хоёр өрөөтэй 10, үйлчилгээний нэг том гээд нийт 11 байшин
барих мод бусад материалыг зөөн, 8-р сарын 31-с эхэлж 9-р сарын 9 гэхэд дөрвөн
байшинг босгосон байв.
Тус компанийн
ерөнхийлөгч Л.Нямтайшир энд нэг удаа нисдэг тэргээр ирж барилгын ажилтай
биечлэн танилцаад буцсан байна. Тэнгис-Шишгэдийн бэлчир орчмын унаган төрхөөрөө
үлдсэн байгалийн үзэсгэлэн газрыг 2011 оны 5-р сарын 5-нд УИХ-ын 18 дугаар тоот
тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. МАК компанийн эзэд тусгай
хамгааалалттай газар нутгийн тухай, Газрын тухай зэрэг хууль тогтоомжийг
зөрчиж, БОНХЯ болон аймаг, сумаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр Улсын тусгай
хамгаалалттай газарт дураараа дургиж барилга байгууламж барьж байгаа нь
Ренчинлхүмбэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Баясгалан илрүүлж,
эрх хэмжээнийхээ хүрээнд 5.616.000 төгрөгийн торгууль ноогдуулаад барилгын
ажлаа зогсоохыг шаарджээ. Гэсэн ч тус компанийнхан ажлаа үргэлжлүүсээр байгаа
аж. Энэ компанийнхан дураараа дургиж, хууль тогтоомж зөрчин Улсын тусгай
хамгаалалттай газрын гүнд барилга байгууламж байрьж буйг нутгийн иргэд
эсэргүүцэн нэн даруй зогсоохыг шаардаж байгаа юм байна.