Тэнгэрлэг эзэн Чингис хаан төрийн ордондоо мориллоо

“Тэнгэрлэг эзэн Чингис хаан” үзэсгэлэн өчигдөр Монголын төрийн түүхийн музейд нээлтээ хийлээ. 1221 онд Бухар, Газна хотод цутгасан “Чингис хаан. Аугаа их. Эрхмийн дээд” гэсэн бичигтэй Чингис хааны алтан зоосноос эхлээд Шахрух хааны үеийн 1447 оны мөнгөн зоос хүртэл Монголын үе үеийн хаадын оршин тогтож байсныг гэрчилэх эд өлгийн зүйлсийг дэлгэсэн эл үзэсгэлэнг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол гэдэг нэр, Монгол дархлаа, Монгол цус хэзээ, хаанаас эхэлснийг хойч үеийнхэндээ хэлж, мэдрүүлэх нь энэ удмын хүн бүрийн үүрэг байх ёстой. Чингис хаан зөвхөн дайтаж, тулалдаж яваагүй. Тэр хүн даяаршлыг үндэслэгч юм” хэмээлээ.

Төрийн ордон дахь Монгол төрийн түүхийн музейд морилсон “Тэнгэрлэг эзэн Чингис хаан” үзэсгэлэн өдөр бүр ард иргэдээ үнэ төлбөргүй хүлээн авч, дэлхийн талыг эзэлж явсан их түүхээрээ аялуулна. Ирэх 11 сарын 14-нд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиох бөгөөд энэ үеэр Монголын бусад музейнүүдэд хадгалж буй  их хааны түүхтэй холбоотой эд өлгийн зүйлсээр мөн үзэсгэлэн гаргах юм байна.