Алтай соёны бүсийн аргалийг судлана

Алтай Соёны бүс нутгийн аргаль хонины нөөц, тархацыг тогтоох судалгааг Орос, Монголын мэргэжилтнүүд хамтран явуулахаар болжээ. Монгол улс 2001 онд аргалийн нөөцийг судлах ажлыг нэгдсэн арга зүй ашиглан зохион байгуулснаар 15 аймгийн 110 сумын нутагт 13000-15000 толгой байна гэж тогтоосон байна. Харин 2009 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Голландын Засгийн газар, “Алтай Соёны биологийн олон янз байдлыг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл”, Германы техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд аргалийн тархац, нөөцийг улсын хэмжээнд судалсан бөгөөд 18.1 мянга гаруй байна гэж тогтоосон. Графикаас харвал 1970 онд 60 мянга орчим байсан аргаль хонины тоо толгой 2009 оны байдлаар 3.3 дахин цөөрсөн байна. Энэ ховор амьтны тоо толгой жилээс жилд цөөрч буйтай холбоотойгоор БОАЖ-ын сайдын 290 дүгээр тоот тушаалаар Ховд аймгийн Мөнххайрханы нутагт 2007 оноос хойш аргаль агналт зохион байгуулахыг зогсоосон юм.

Аргаль хонь нь Монгол орны Алтай Хангайн нуруу, тэдгээрийн салбар уулс, говийн бэсрэг толгодоор тархан амьдардаг. Монгол улс өнөөдрийн байдлаар аргаль хонины байршил нутгийн 23.4 хувийг улсын тусгай хамгаалалтад хамруулаад байна. Тухайлбал, УИХ-ын тогтоолоор 2002 онд Ховд аймгийн Мянган угалзын нурууны 11.3 мянган хавтгай дөрвөлжин талбай бүхий нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ. Мөн Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын ажлыг сайжруулах, биотехникийн арга хэмжээг үр дүнтэй явуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шинээр Хамгаалалтын захиргаа байгуулсан билээ. Үүнээс гадна байгаль орчны мэргэжлийн байгууллага “Амьтан асралт” компани салбарын яамны захиалгаар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймгуудад өнгөрсөн жил аргалийн судалгаа хийсэн. Тус дөрвөн аймгийн нийт 6588 орчим хавтгай дөрвөлжин газар аргаль хонины агнуурын бүс нутагт тооцдог юм байна. Судалгаа хийсэн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ бүс нутагт угалзын нөөц 208 толгой тогтоогдсон учир жилд 15-ыг л агнаж болно хэмээн тооцжээ.