Шонхор үндэсний бахархалт шувуу болно

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан шонхрыг үндэсний бахархалт шувуу болгох төсөл санаачилжээ. Эл төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бусад яамнаас санал авч буй аж. Одоогийн байдлаар 13 нь дэмжсэн хариу өгчээ. Харин үлдсэн хоёр яам төслийн талаарх саналаа хараахан ирүүлээгүй байгаа гэнэ. Энэ талаар ССАЖЯ-наас тодруулахад “Шонхор Монголын түүх соёл, ёс заншилтай салшгүй холбоотой. Чингис хаан шонхорыг бэлгэдэн дээдэлдэг байсан. Нөгөө талаар шонхор байгалд ээлтэй, тал нутгийн тэнцвэрт байдлыг зохицуулж байдаг. Тэр үлийн цагаан оготно, царцаа зэрэг хортон шавьж, мэргэчдээр хооллодог. Бид шонхорыг үндэсний бахархалт шувуу болгож, хоёр зүйлийг илэрхийлэхийш хүсэж байгаа. Нэгдүгээрт, шонхроор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдыг татахыг, нөгөө талаараа байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахыг хүссэн” хэмээн ярилаа.