Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар болон Урлагийн Орон Зай Төв хамтран жил бүр зохион байгуулдаг “UB ART FAIR” урлагийн бүтээлийн өргөн хэмжээний дуудлага худалдаа дөрөв дэх жилдээ 2012 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн (нийт тав хоногийн хугацаанд) Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдаж байна. 10 дугаар сарын 6-ны Бямба гарагт, тус арга хэмжээний нээлт болсон байна. Энэ удаагийн “UB ART FAIR” үзэсгэлэн яармаг нь хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилготой явагдаж байгаа ба нийт 10 уран бүтээлч эмэгтэйчүүдийн уран бүтээлийн үзэсгэлэнг нээж, тэдгээр бүтээлүүдийн дуудлага худалдааг зохион байгуулж байгаа ажээ. Тус үзэсгэлэн яармагт Монгол-Францын Соёлын Төв, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын оюутан залуус хамтран оролцож байгаа юм. Дуудлага худалдаа, Үзэсгэлэн яармагаас бүтээл худалдан авснаар хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн хөдөлгөөн өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, авъяаслаг, эрч хүчтэй хүүхдүүдийг дэмжин, аюулгүй ирээдүйн төлөөх үйлсийг дэлгэрүүлэх хамгийн том бэлэг болох юм хэмээн зохион байгуулагчид нь ярьж байна.