“Grand tour-2012” амжилттай болж өндөрлөлөө.

Монголын аялал жуулчлалын багш судлаачдын холбооноос “Дэлхийн аялал жуулчлалын өдөр-ийг угтан жил бүр зохион байгуулагддаг “Grand tour-2012” аялал жуулчлалын улсын олимпиад энэ сарын 19-27-ны өдрүүдэд уламжлал ёсоор нээгдэж, хаалтын үйл ажиллагаагаа 27-ны өдөр Монголын Үндэсний Музейн гадаах талбайд зохион байгуулагдлаа. Энэ жилийн олимпиад нь “Ногоон хот-Тогтвортой аялал жуулчлал” сэдвийн хүрээнд болж, 20 их, дээд сургуулийн 300 гаруй оюутан залуус мэдлэг чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин наадаж, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг үр бүтээл дүүрэн угтаж, үдлээ.

Олимпиадын зорилго нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нийтэд сурталчлахад чиглэгдэж байсан ба энэ удаагийн олимпиад нь өмнөх жилүүдээс олон зүйлээрээ өвөрмөц онцлог болж өнгөрснийг олимпиадад оролцогчид онцолж байв.

Олимпиадын хүрээнд “хотын аялал жуулчлалын хөгжлийн шийдэл” сэдэвт аялал жуулчлалын үзэсгэлэн, “Ногоон хот-Тогтвортой аялал жуулчлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн, “Grand tour” спорт явган аяллын тэмцээн тус тус зохион байгуулагдаж, тус бүрт нь шилжин явах цом гардуулжээ.  Энэ удаагийн “Grand tour-2012” тэмцээнийг Г.Пүрэвсүрэн захиралтай Аялал жуулчлалын үндэсний төв, Ш.Сүхбаатар даргатай Нийслэлийн аялал жуулчлалын газар, С.Жамц захиралтай МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль, Б.Бямбаа захиралтай Хөдөө аж ахуйн их сургууль, Ц.Баярсайхан ерөнхийлөгчтэй Монголын аялал жуулчлалын холбоод хамтран зохион байгуулж, Ш.Нэргүй захиралтай “Нью жуулчин турс”, Б.Барсболд захиралтай “Black ibex expeditions”, Д.Алтанбагана захиралтай “Active adventur tours”, Ч.Буянбадрах захиралтай “Guide center” компаниуд ивээн тэтгэжээ.