“Grand tour-2012” аялал жуулчлалын улсын олимпиад

Монголын аялал жуулчлалын багш судлаачдын холбооноос “Дэлхийн аялал жуулчлалын өдөр-ийг угтан жил бүр зохион байгуулагддаг “Grand tour-2012” аялал жуулчлалын улсын олимпиад энэ сарын 19-27-ны өдрүүдэд уламжлал ёсоор нээгдэх гэж байна. Энэ жилийн олимпиад нь “Ногоон хот-Тогтвортой аялал жуулчлал” сэдвийн хүрээнд болох юм. Олимпиадын зорилго нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нийтэд сурталчлахад чиглэгдэнэ. Олимпиадын хүрээнд “хотын аялал жуулчлалын хөгжлийн шийдэл” сэдэвт аялал жуулчлалын үзэсгэлэн, “Ногоон хот-Тогтвортой аялал жуулчлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн, “Grand tour” спорт явган аяллын тэмцээн тус тус зохион байгуулагдана. Тэмцээний хөтөлбөрүүд ХААИС-ийн хурлын танхим, АЖҮТ-ийн хурлын танхим, Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхим, Хар усан тохойн байгалийн үзэсгэлэнт газруудад явагдана.