БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотноо Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын 8 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг 2012 оны 9 дүгээр сарын 6-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар оролцож үг хэлэв. Тэрбээр Монгол Улс Зүүн хойд Азийн улс орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүллээ.
Үзэсгэлэн яармаг, чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Цишань, Лесото улсын Үндэсний ассамблейн дарга С.Мотаняне, Камбожийн Ерөнхий сайдын орлогч Им Чай Ли, Тонга улсын гүнж Пилолеви Туита, БНСУ-ын Ерөнхий сайд асан Го Кун, Тайландын Ерөнхий сайдын орлогч асан Корн Дабаранси, БНАСАУ-ын Худалдааны дэд сайд Сой Гилбок, ОХУ-аас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч Цыплаков зэрэг өндөр түвшний төлөөлөгчид, БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Жилин мужийн удирдлага оролцов.
Тус арга хэмжээний хүрээнд энэ жилээс эхлэн Зүүн хойд Азийн улс орнууд бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого тодорхойлох, санал солилцох, оролцогч улс орнуудын аялал жуулчлалын салбарыг сурталчлах үзэсгэлэнг зохион байгуулах болсон нь арга хэмжээг илүү өргөн хүрээтэй болгосон юм.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг төлөөлж БОАЖЯ-ны АЖГ-ын орлогч дарга Ц.Нарантуяа, АЖҮТ-ийн дэд захирал Н.Молор, маркетингийн хэлтсийн дарга С.Мэндбаяр, Монголын зочид буудлын холбооны ерөнхийлөгч, “Цагаан Өргөө”, зочид буудлын гүйцэтгэх захирал С.Мөнхбат, “Актив адвенчер турс монголиа” ХХК-ын менежер З.Сүхбаатар, “Грийт Чингис Экпедишинс” ХХК-ын менежер Д.Ариунаа болон хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлж МҮОНТ-ийн уран бүтээлийн 1-р нэгдлийн найруулагч О.Эрдэнэчулуун, сэтгүүлч Т.Бямбасүрэн нар оролцлоо.
Зүүн хойд Азийн улсуудын дотор Хятад 54 сая, ОХУ 22 сая, Япон 9 сая, БНСУ 9 сая, Монгол 458 мянган жуулчин хүлээн авсан нь Ази тивд ирсэн нийт жуулчдын 54 хувийг эзэлж байгаа ба энэ нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ удаагийн чуулга уулзалтаар бүс нутгийн улс орнуудаар дамжин аялах сонирхолтой жуулчдыг визгүй болон хөнгөлттэй хэлбэрээр виз олгох, дэлхий нийтийн анхаарлыг татсан олон янзын зорих газар бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж санал бодлоо хуваалцан цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан юм.