Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Төрийн тахилгын асуудлыг хариуцсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Алтай ханы Таван богд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа.
Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны “тэнгэр тайх төрийн ёслол”-ын давтамжийн хугацаа 4 жил байсныг уртасгаж, цаашид 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна. Ингэснээр жил бүр үйлдэх төрийн тахилгын ёслолын тоог цөөрч, жилд хоёроос илүүгүй удаа үйлдэхээр болж байгаа ажээ.