Жуулчны мэдээллийн төв гэж ямар байгууллага вэ.

“Тогтвортой аялал жуулчлал” сэтгүүлд өгсөн ярилцлага

 

 

Жуулчны мэдээллийн төв ГЭЖ ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ.

 

Гадаад дотоодын аялагчдын тоо нэмэгдэх тусам тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан жуулчны бааз, гэст хаус, гэр буудал, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт үйлчилгээний байгууллагууд олширч байна. Мөн хил дамнасан “үүргэвчтэй явган аялагч” нарын тоо сүүлийн жилүүдэд эрс өсч, тэдгээрийг дагасан хямд, хувийн үйлчилгээнүүд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсэд эрс нэмэгджээ. Тийм учраас тэдгээр жуулчин ба үйлчилгээг холбох зорилготой, Монгол орны талаар өргөн мэдээлэл өгөх “Жуулчны мэдээллийн төв” зайлшгүй шаардагдах болсон билээ. Улаанбаатар хотын хэмжээнд  “Сүхбаатарын талбай”, “Чингис хаан нисэх онгоцны буудал”, Төмөр замын “Улаанбаатар” өртөөнд улсын чанартай “Жуулчны  мэдээллийн төв” ажиллаж байна.

Монголд үүргэвчтэй аялагч нар нэмэгдээд байгаа гол шалтгаан бол Монголын тухай хөтөч номыг монголчууд бид өөрсдөө биш, гадны хэн нэгэн аялагч бичиж хэвлүүлж байна. Тэрхүү номонд орон нутгийн хот хоорондын автобусаар, микро автобусаар хямдхан явж очих тухай, хөдөөний ямар ч айлд орсон үнэгүй хоол идээд яваад байх боломжтой талаар бичсэн байдаг. Манай монголчууд найрсаг ард түмэн болохоор гадна дотны ямар ч хүнийг найр тавин угтана. Энэ сайхан чанарыг маань тэдгээр үүргэвчтэй аялагч нар чадамгай ашиглаж байдаг.

Ихэвчлэн үүргэвчтэй аялагч нарт туслах зорилготой ажилладаг “Жуулчны мэдээллийн төв”-ийн ашигтай тал нь юу вэ гээд харахаар орон нутгийн иргэдийн амьжиргааны өртөгт нэмэр болох орлогыг шууд өгч байдгаараа ач холбогдолтой. Жишээ нь, малчин айлд хонох, энгийн хөдөөний айлын хоол ундыг идэх, тэдний өдөр тутмын амьдралд оролцож ажлаас нь туслалцах, морь ба тэмээ унах хүсэлтэй жуулчид мэдээллийн төвд ирээд шууд “айл зааж өгөөч” хэмээн хүсдэг. Тэр тохиолдолд бүс нутгуудад буй малчин айлтай холбоо барьж тэдний хэлсэн үнэ өртгийг тухайн жуулчинд дамжуулан холбож өгдөг. Энэ утгаараа тухайн малчин айлд жуулчны орлогыг шууд оруулж байна гэсэн үг юм. Тэдгээр жуулчид аль болох хямдхан аялахыг хүсч тур оператор компаниар дамжихгүйгээр шууд өөрсдөө хүрч ирсэн байдаг учраас янз бүрийн аялал жуулчлалын компаний үйлчилгээг санал болгосон ч хүлээж авдаггүй.

Мөн хотын замд түгжрээд явж байдаг таксины жолооч нарт шууд бэлэн орлого өгдөг. Жишээ нь, үүргэвчтэй аялагч нар бүтэн өдрөөр машиныг жуулчны тарифаар хөлсөлж авснаас таксинд явдаг машины жолоочтой шууд тохиролцон арай хямдаар аялах нь дээр гэж үздэг. Жуулчны мэдээллийн төвд хандсан жуулчид найдвартай, хямд машин хөлсөлж, өөрсдөө шатахуунаа төлөөд жолоочтойгоо тохиролцон хотын ойролцоох засмал замтай газруудаар аялахыг хүсдэг. Тийм учраас мэдээллийн төвд дотор гадна байдал нь цэвэрхэн, бага зэрэг англиар ярьдаг жолооч бүхий жижиг машинуудыг бүртгэн авч жуулчдад шууд холбон зуучилдаг. Ингэснээр тухайн жолоочид шууд бэлэн орлого бий болж байна гэсэн үг юм.

Харин жуулчдын хувьд бол тэдний цагийг хэмнэсэн, зарим эрсдэлээс тодорхой хэмжээгээр сэргийлэх, тэдэнд тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдгаараа ач холбогдолтой юм.

Үүргэвчтэй аялагч нар мэдээллийн төв болон аяллын компани, байгууллагад хандалгүйгээр өөрсдийн бодсоноор аялах юм бол зарим тохиолдолд эрсдэл үүсэх магадлал бий. Жишээ нь, тааралдсан таксиндаа сууж мөнгөө алдах, хэд дахин илүү төлөх, үүрч явсан үүргэвчээ машины арын ачаа хадгалах хэсэгт хийлгээд буухдаа мартах, жолооч нь хэл мэдэхгүйгээгээрээ далимдуулан зориуд андуурч сонссон, буруу ойлгосон хүн болж өөр газар луу авч давхиад “ийшээ ирнэ гэсэн биз дээ” хэмээн зүтгэж үйлчилгээний өндөр хөлс нэхэх, бүүр дээрэмдсэн тохиолдол ч гарсан. Мэдээллийн төвд ялангуяа машин унааны асуудал дээр иймэрхүү зүйлд өртсөн жуулчид цөөнгүй орж ирдэг.

Нэг жуулчин тролейбусанд суугаад монгол зорчигч болон тролейбусны доторхи байдлын фото зургийг авсныхаа төлөө архи уусан зорчигч залууд цохиулсан байсан. Мөн үүрч явсан үүргэвчийг нь ухах гэж хүртэл оролдсон байсан. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Монгол орныг элдэв дээрэм тонуул, террорист халдлага байхгүй харьцангуй амгалан тайван орон хэмээн зарласан ч далд хэлбэрээр иймэрхүү жижиг сажиг залилан мэхлэлт, хулгай дээрэм байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Хэрвээ мэдээллийн төвд ирж үйлчлүүлээд өөрийн хүссэн зүйлийн талаар тодорхой сайн мэдээлэл аваад гарах юм бол төөрч будилж цаг алдахгүй, чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой. Найдвартай малчин айл, машин унаа, орчуулагч зуучлуулах юм бол дараа нь ямар нэгэн асуудал үүслээ гэхэд буух эзэн, буцах хаягтай, асуудлыг шийдвэрлэхэд хялбар болно. Хөдөө орон нутагт очоод тааралдсан малчин айлынхаа морь, тэмээг унаж болно гэж ойлгох нь буруу юм.  Жишээ нь, говийн морьд ааш муутай, үргэмтгэй байдаг бол хангай газрын мал өвс тэжээл харьцангуй элбэг тул ааш нь арай зөөлөн байх жишээтэй. Хаана морь унах вэ, яавал аюулгүй, гэмтэл бэртэлгүй аялах, өөрийгөө хамгаалан анхаарал болгоомжтой явах талаар жуулчны мэдээллийн төвөөс мэдэж авах боломжтой.

Мөн дандаа үнэгүй хоол идээд, үнэгүй үйлчлүүлээд явж болдог гэсэн ойлголт ч өөрчлөгдөж хөдөөний малчин айлууд маань бага сага ч гэсэн орлоготой болно. Хөвсгөлд аялж явсан жуулчин орой үдэш ганцаараа явж байгаад нутгийн “индиан”-уудтай тааралдаж архиар шахуулан ууж согтоод дээрэмдүүлсэн хэрэг ч гарсан. Өмнөговийн хүнсний зах дээр мах зарж байгаа орон нутгийн иргэдийн фото зургийг авсныхаа төлөө яс шидүүлж нүүрэндээ булдруутай болсон жуулчин ч байсан. Орон нутагт хүртэл хэрхэн өөрийгөө хамгаалан анхаарал болгоомжтой аялах талаар мэдээлэл авах нь чухал юм.

 

Мэдээллийн төв бусад оронд ямар байдаг вэ? Аливаа улсын жуулчны мэдээллийн төвийг төрөөс санхүүжүүлж хувийн хэвшлийн болон жирийн ард иргэдийнхээ амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, олон жуулчинг өөрийн эх орондоо татах зорилготой байдаг. Бичигч миний явж үзсэн Япон, Португали, Хятад орны мэдээллийн төв нь байрлаж буй байрныхаа бүх л хана, тавиур, ширээ, цонхны тавцан, таазаа хүртэл мэдээллээр дүүргэж ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл, маш эрээн мяраан байдаг. Тэнд орлогын гол эх үүсвэр нь ерөөсөө бэлэг дурсгалын барааны борлуулалт байх бөгөөд орж ирсэн жуулчдад 100% үнэгүй мэдээлэл өгч, үйлчилгээний бусад байгууллагад зөвхөн зуучлах үйл ажиллагаа явуулдаг. Улс орнуудын жуулчны мэдээллийн төвүүдийн ерөнхий зарчим, үйлчилгээг ажиглавал:

·         Мэдээллийн төрөлжүүлэлт маш сайн байхаас гадна ямар ч жуулчин орж ирээд өөрийн хайсан мэдээллийг заавал тухайн төвийн ажилтнаас асуухгүйгээр авах боломжийг бүрдүүсэн.  

·         Интернэтийн мэдээллийн санг чадамгай ашиглаж, олон жуулчин давхардсан үед ажилтнуудыг орлон хариулт өгч чадах сайтуудыг санал болгодог. Жуулчин өөрөө уншаад шууд ойлгохоор мэдээллээр хангагддаг.

·         Тухайн орны хотууд, томоохон гудамжуудад байрлах бүхий л газруудыг тусгасан байрзүйн зураг, амрах цэг, 00-ийн цэг зэргийг нарийн тодорхой заасан газрын зураг, гарын авлагуудыг үнэгүй түгээдэг.  

·         Зарим шаардлагатай газрын зургийг (road map, tourist map) хананд байрлуулан гэрэлтүүлэг хийж, жуулчинд хайсан газар нь хаана байгааг ойлгомжтойгоор зааж өгдөг.

·         Аяллын жолооч, хөтөч, орчуулагч, аяллын маршрут зэргийг танилцуулсан плакат сурталчилгааг байрлуулсан байх ба шууд холбоо барих утас, хаяг бичээстэй байдаг. Тэдгээр сурталчилгааны материалуудыг үнэгүй түгээдэг.

·         Тухайн мэдээллийн төвөөс ямар нэгэн үйлчилгээний байгууллагад жуулчдыг зуучлан үйлчлүүлсэн тохиолдолд урамшуулал буюу бага зэргийн төлбөрийг тухайн үйлчилгээний байгууллагаас авдаг.

·         Мөн мэдээллийн төвөөр дотоодын орон нутгийн аялагчид өргөнөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгийн хүн Өмнөговиор аялах юм уу, Дорнодын нутгаар аялах гэж байгаатай адил гэсэн үг юм.

Тухайлбал, Миний хувьд Токиогийн Шинжюкү хэмээх алдартай гудамжинд байрлах “жуулчны мэдээллийн төв”-д очиж үйлчлүүлсэн. Би Токугава-гийн түүхтэй холбоотой газруудыг үзэхийг хүссэн. Аялахыг хүссэн хүмүүсийг нэг групп болгоод маргааш өглөө нь аялалд гаргахаар зохион байгуулсан бөгөөд бидэнд Токиогийн Хатобасү хэмээх аяллын компани үйлчилсэн. Аялагчдын дунд би ганцаараа гадаад хүн байж, бусад нь хөдөө тосгоноос ирсэн дотоодын аялагч нар байсан билээ. Аяллын явцад бидний фото зургийг аваад, аялал дуусахад дурсгал болгон өгч байлаа. Мөн бидний аяллын үед үзэх газруудыг тодотгосон газрын зургийг тарааж өгсөн. Хөтөч тайлбарлагчийн яриа тайлбар маш сонирхолтой, хөгжилтэй, тухайн газартай холбоотой домог түүхийн мэдлэг нь өөрийн эрхгүй атаархал төрүүлж байсан билээ. Адилхан аялал жуулчлалын салбарын хүний хувьд тэндээс суралцах зүйл их байгааг олж харсан, санаа сэдэл өгсөн аялал болж өндөрлөсөн юм.

Мөн тухайн аялсан газруудын имижийг харуулсан ил захидал, бэлэг дурсгалын зүйлсийг хамгийн түрүүнд онцолж хэлмээр байна. Орон нутаг дахь онцлог шинжийг хадгалсан бэлэг дурсгалын зүйлс нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг гэдгийг энэ аяллаас олж харсан билээ. Манай Монгол орны аяллын бүс, орон нутаг дахь жуулчдыг татдаг газруудад тухайн газрын имижийг харуулсан ил захидал, түлхүүрийн оосор гэх мэтийн жижиг бэлэг дурсгалын зүйлс  ер байдаггүй. Жишээ нь Төвхөн хийдэд очиход хийдийн зурагтай ил захидал, Тайхар чулуун дээр очлоо гэхэд Тайхарын зурагтай ямар нэгэн зүйлс, жижиг бэлэг дурсгалууд худалдаалагдаж байвал олонх жуулчид дуртайяа худалдан авах билээ.   

 

Орон нутагт мэдээллийн төв ямар байвал болох вэ? Тухайн аймаг орон нутгийн онцлогийг харуулсан мэдээлэл бүхий төв ажиллуулах нь юу юунаас илүү чухал. Тухайн бүс нутаг, орон нутгийн айлуудыг судалж, зарим нэг амьжиргааны өртөг доогуур, хэцүү амьдралтай айлд шууд туслах зорилгоор жуулчны орлогыг хандуулж ажиллах нь чухал болов уу. Үнэгүй үйлчилгээнд юуг хамруулах, ямар ямар үйлчилгээний үнийг буулгахгүйгээр бусад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын жишиг хэмжээнд барих вэ гэдгийг тооцож ажиллах нь тун чухал. Жуулчны мэдээллийг төвийг орон нутагт байгуулахын тулд хамгийн түрүүнд ямар нөхцөлийг бүрдүүлж, ямар шаардлагыг хангах нь илүү үр дүнтэй байх талаар Хэнтий аймгийн жишээн дээр ярилцъя.

 

Мэдээлэл судалгаа цуглуулах чиглэл:

·         Хэнтий аймаг, Хэнтийн уулсын бүсийн тухай, хүмүүсийн нийтлэг мэддэг Хангайн нуруу, Хөвсгөлийн уулс зэргээс ялгагдах онцлог, холбогдох бусад мэдээлэл

·         Тухайн орон нутагт мөрдөгдөх хууль тогтоомж, заавар, хураамж төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл.

·         Хэнтийн нурууны салбар уулсаар тал бүр тийшээ явагдах аяллын маршрутууд.

·         Эргэн тойронд орших Чингис хаантай холбоотой түүхэн газрууд, түүх домог, эртний хөшөө, булш бунхан зэрэг соёлын өв дурсгалуудын байршил, түүний тайлбар.

·         Буриад зоны аж амьдралын онцлог, зан заншил, хэдийд хаана буриад айлд зочилж болох талаархи мэдээлэл.

·         Аймгийн аль хэсэгт, эсвэл аль сум, хөдөөд бөө удган, зайрантай уулзаж чадах эсэх, анхаарах зүйлсийн талаар.

·         Хэрлэн ба Онон гол, тэдгээрийн салаа цутгал голуудын орчин, тэнд хийж болох завины аялал, загасчлах аялал, Ононгийн халуун рашаанд орох талаархи мэдээлэл, тэдгээрийн үнэ тариф, цаг хугацааны тухай.

·         Хэнтийн бүсэд зохион байгуулагдах event арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл.

·         Хэнтийн бүсийн ой тайгад төөрөх тохиолдолд авч болох арга хэмжээ, аюулгүй байдлын шаардлагууд.

·         Хулгай дээрэмд өртсөн тохиолдолд хандаж болох газар. 

·         Эрүүл мэндийн газар, Өндөрхаан хотын бүхий л үйлчилгээний байгууллага, музей, зоогийн газрын үйлчилгээний цагийн хуваарь, ямар ямар онцлогтой газрууд хаана, ямар байршилд байдаг зэргийн дэлгэрэнгүй мэдээлэл, байрзүйн зураглал

·         Морь тэмээ унуулах, хоноглох боломжтой айл, орон нутгийн хөтөч хийх боломжтой хүмүүсийн судалгаа

·         Тээврийн хэрэгслийн түрээс, тухайн машин тэрэгний тухай дэлгэрэнгүй мэдээлэл

·         Ердийн хөсөг буюу сарлаг тэргээр нүүдэл хийх, морин аялал зэргийг зохион байгуулах  боломжтой малчин айлуудын судалгаа.

·         Тухайн бүс нутагт хийж болох аяллын хөтөлбөр, тухайлбал, Өндөрхаан хоттой танилцах хагас өдрийн аялал, буриад бөө хүнтэй уулзуулах хөтөлбөр, 1-2 хоногийн морин аялал гэх мэтийг зохиож жуулчдад санал болговол орон нутагт аялал жуулчлалыг зохион байгуулалттай, илүү ашиг орлоготой хөгжүүлэхэд тустай юм.

 

Тохижилтын чиглэл: 

·         Интернэт, факс, телефон утас зэргийг ашиглах боломжтойгоор байршуулах.

·         Орон нутгийн газрын том масштабын зургийг байрлуулах, ажилтан нь тайлбарлах чадвартай байх. 

·         Жуулчин тухалж суугаад аливаа сонголт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх. 

·         Жуулчинд зориулсан орон нутгийн сонин, газрын зураг, хөтөч ном зэргийг бэлдэх.

·         Мэдээллийн төв нь зуны улиралд 20:00 цаг хүртэл ажиллах боломжтой байх.

·         Ажилтан нь англи хэлний сайн мэдлэгтэй, форм хувцастай, энгэрийн тэмдэгтэй байх.

·         Ажилтантай яаралтай үед холбоо барих утас, хаяг бүхий нэрийн хуудастай байх.

·         Бэлэг дурсгалын тасаг ажиллуулах,  аль болох буга хандгай, тул загас, буриад зоны аж амьдрал, зан заншлыг харуулсан ил захидал, түлхүүрийн оосор гэх мэт бэлэг дурсгал, Хэнтийн бүс, Их хааны имижийг харуулсан ил захидал, марк, хуанли, тор уут сав  ер нь хийж болох бүхий л зүйлсийг байлгавал жинхэнэ орон нутгийн онцлог харагдах болов уу .

 

Мэдээллийн төвд ямар жуулчид илүү ханддаг вэ?

·         Эрсдэлээс шантардаггүй, зоримог зантай,  

·         Мөнгөө хэмнэж хямд аялах зорилготой,

·         Аливаа адал явдалд дуртай, сонссон дуулсан бүхнээ нэг дор бүгдийг нь үзэхийг хүсдэг,

·         Ганцаар болон цөөн оролцогчтой жижиг группт аялах хүсэлтэй,   

·         Бие даан чөлөөтэй аялахыг эрхэмлэсэн,   

·         Аяллын зардлыг сайтар тооцоолдог,  

·         Өчүүхэн төдий алдаа гаргахад асуудал үүсгэж, аяллын төлбөрөө буцааж авахыг хүсдэг,  

·         Ихэвчлэн 30-45 насныхан бөгөөд дийлэнх нь Хятад, Оросоор дамжин аялагчид байдаг,

·         Маш хямд үнээр машин, хөтөч хөлслөхийг хүсдэг

зэрэг нийтлэг шинж бүхий хүмүүс байдаг.  

 

Guide төвийн дэргэдэх “Жуулчны мэдээллийн төв”

Монголын аялал жуулчлалын салбарт ийм мэдээллийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэрсэн учраас бид маш зоримог алхам хийж Guide жуулчны мэдээллийн төвийг хувийн компаний дэргэд байгуулсан бөгөөд анхандаа туршлага багатай байсан учраас тодорхой хэмжээгээр нэлээн бэрхшээлийг даван туулсан. Улмаар үйл ажиллагааны явцад туршлагажиж, цаашид юуг хийх, юуг зорьж ажиллахаа тодорхой болгож байна. Ажилтнуудын өдөр тутмын тайлан мэдээнээс үзэхэд ихэвчлэн Франц, Герман, Америк, Австрали, Итали, Хятад, Япон улсын жуулчид үйлчлүүлдэг. Жуулчдын 90% нь ямар ч үнэ төлбөргүй мэдээлэл авна. Энэ нь жуулчны мэдээллийн ажлын онцлог тул бид зарим нэг нэмэлт төлбөр бүхий үйлчилгээг бий болгож орлогын эх үүсвэрээ бүрдүүлж ирсэн. Тухайлбал, газрын зураг, хөтөч номын худалдаа, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, ил захидал, марк бүхий шуудангийн үйлчилгээ зэргийг бий болгосон. Нийтдээ 2 ээлжээр 14 оюутан залуусыг мэдээллийн төвд ажиллуулсан бөгөөд тэднийг тусгай сургалтаар бэлдсэн. Ажилтнуудын мэдээллээс үзэхэд жуулчид янз бүрийн зүйл хүсч ирдгээс дурдвал,

 

·         Ямар ч үнэ төлбөргүйгээр дадлага хийх зорилготой хөтөч олж өгөхийг хүссэн,   

·         Хэлний чадвартай сайн орчуулагч олж өгөхийг хүссэн, учир нь Монголын алдартай хүмүүстэй уулзалт хийх,    

·         Монголын газар тариалан, жимсгэний аж ахуйд очиж үзэх, хөдөө аж ахуйн мэдлэгтэй хөтөч орчуулагч танилцуулахыг хүссэн,  

·         Нарийн ногооны хүлэмж, зөгий болон тахиа, гахай үржүүлгийн газарт очиж үзэхийг хүссэн,  

·         Алдартай чадалтай зурхайч, бариач илээч, бөө нартай уулзуулж өгөөч хэмээн хүссэн,

·         УБ хотын үнэгүй газрын зураг, хотын нийтийн тээврийн автобусны зогсох цэгийг заасан газрын зураг, эсвэл хот хоорондын автобусны чиглэл маршрут зогсох цэгийг заасан газрын зураг зэргийг асуусан, үнэгүй авахыг хүссэн,

·         Зөвхөн Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Тэрэлж, Баян-Өлгийн газрын зураг авахыг хүссэн,  

·         УБ-ын ойролцоох гол усаар моторт завиар аялахыг хүссэн, зохион байгуулдаг цэг хаана байдаг эсэх,  

·         Жуулчид маш бага очдог, эсвэл очдоггүй газар хаана байна,

·         Урд хилийн жижиг боомтууд, баруун бүсийн хилийн боомтуудаар гарахын тулд хаагуур яаж явах вэ, 

·         Галт тэрэгний зогсоол, өртөөг заасан, зогсох цагийг заасан мэдээлэл бүхий газрын зураг

·         Аяллын визээ ажлын визээр солих гэсэн, ямар байгууллагад ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ.

·         Янз бүрийн болор, утаат болор зэргийг алмаз шиг засаад гоёл чимэглэлийн зүйл хийж дэлгүүр нээсэн хүн байдаг гэсэн,  уулзуулж өгөөч,  

·         Морин хуур, хөөмий зааж өгөх багш олж өгөөч, гэхдээ хямдхан.

·         Туул голын мөсөн дээгүүр нохойн чарга, эсвэл морин чаргатай аялмаар байна гэх мэтчилэн олон зүйл асууж ирдэг.  

Түүнчлэн бэртсэн, гэмтсэн, хулгайд эд зүйлсээ алдсан, огт ямар ч мөнгөгүй болчихсон жуулчид хүртэл орж ирж аврал эрнэ.

 

 

Цаашид тус мэдээллийн төвийн нь тогтмол ажиллахын зэрэгцээ ажилтнуудаа улам чадваржуулж, газрын зургууд, ил захидлууд, дугтуй зэргийг өөрийн нэр дээр захиалж хэвлүүлэхээр бэлтгэж эхнээс нь хэрэгжүүлээд байна. Мэдээллийн сайтыг байнга баяжуулж, фото зургуудыг шинэчлэх, хамтын ажиллагааны байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготой байгаа.  

Тус мэдээллийн төвд янз бүрийн аяллын төрөл сонирхож орж ирдэг жуулчид байдаг учраас ялангуяа тусгай аяллууд (усан завь, моторт завь, хотоос холгүй загасчлах аялал зохион байгуулах, дельтапланаар буух, агаарын бөмбөлөгөөр хөөрөх зэрэг) зохион байгуулдаг компаниуд байвал манайд хандаж мэдээллээ түгээвэл хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.

Жуулчны улиралд жуулчдын үйлчилгээнд явах боломжтой, гадаад хэлний бага зэрэг мэдлэгтэй, хөдөө орон нутгийн замд аялж байсан туршлагатай, гадаад дотоод үзэмж сайтай цэвэрхэн автомашинтай жолооч нар, аяллын хоол хийх туршлагатай, зундаа олон хоногоор хөдөө хээр ажиллах боломжтой тогооч нар, мөн загасны аяллын хөтөч хийх туршлагатай хүмүүс, жуулчинд морь унуулж үйлчлэх туршлагатай, зарим нэг хамгаалалтын хэрэгсэлтэй малчдыг манай төвд мэдээллээ ирүүлж хамтран ажиллахыг урья. Зуны амралтаараа жуулчны баазад рестораны зөөгч, баазын бусад ажлыг хийн туршлагажих, дадлагажих хүсэлтэй оюутан залуусыг сургаж ажлын байраар хангах боломжтой тул манай төвд хандаарай гэж хэлэх байна. 

Аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын сургалт судалгааг зохион байгуулах, цаашид үүргэвчтэй аялагч нарыг зохион байгуулалттай, аюулгүй нөхцөл байдлаар хангагдсан, чанартай үйлчилгээ бүхий тур оператор компанид хандаж үйлчлүүлдэг болгох  талаар анхаарч салбарын холбогдох байгууллагуудтай санал бодлоо нэгтгэн ажиллахыг зорьж байна.

 

 

Guide  төвийн захирал Ч.Буянбадрах