GUIDE ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Анх 2010 оны 4-р сарын 1-нд Шинэ Дэвшилт Холбооны байранд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2010 оны 10-р сараас эхлэн Дөчин мянгатын Эрэл банкины байранд ажиллаж байна. Жуулчны улиралд өдөр бүр 09:00-21:00, өвлийн улиралд 10:00 – 19:00 цагийн хооронд ажилладаг.
Жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Монгол оронд ирж буй жуулчдын нарийн судалгааг гаргах, ямар орны жуулчид давамгайлж байгааг тогтоох, тэдэнд юу шаардлагатай хэрэгтэй байдгийг мэдэх, жуулчинд үйлчилж буй үйлчилгээний бүхий л чанар ямар түвшинд байгааг дүгнэх, жуулчин Монгол оронд ирээд хамгийн их баярладаг болоод айж болгоомжилдог зүйл зэргийг судалж тогтооход ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
2010 оны жуулчны улиралд 43 орны 2157 жуулчин ирж үйлчлүүлжээ.
Тус мэдээллийн төв 2010 оны 5 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 15 хүртэл нийт 2157 жуулчин зочинд мэдээлэл өгч үйлчилсэн байна. Тус төвөөс Монголын аялал жуулчлалын чиглэлээр гадаад хэл дээр хэвлэгдсэн ном, гарын авлага, газрын зураг, фото альбомууд, UB post, Mongol messenger зэрэг сонингууд, ил захидал зэргийг худалдан авч, гадаад орон руу утсаар ярих, факс явуулах боломжтой. Монголын аялал жуулчлалын талаархи бүхий л мэдээллийг авч найз нөхөд, хамт олноороо баг болж Монгол орноор аялахад нь тусална. Жуулчны бааз, ресторан, зочид буудал, аяллын жолооч, аяллын хөтөч орчуулагч, албан бизнес уулзалтын орчуулагч зэргийг зуучлан, Монгол орон болон Улаанбаатар хоттой танилцах аялал зэргийг зохион байгуулдаг.
2011 оны жуулчны улиралд 56 орны 3089 жуулчин ирж үйлчлүүлжээ.
Тус мэдээллийн төв нь 2011 оны 1-р сарын 1-нээс 12-р сарын 31-ийг дуустал нийт 3615 жуулчин зочинд мэдээлэл өгч үйлчилсэн байна. Тус мэдээллийн төвийн үйл ажиллагаа тогтмолжиж жилийн 4 улирлын турш ажилладаг цорын ганц Жуулчны мэдээллийн төв болоод байна. Гадаадын төдийгүй дотоодын аялагч нарыг бүхий л мэдээллээр хангаж ажиллахаас гадна тус төвийн мэдээллийн сайт нь монголын аялал жуулчлалын салбарынхны өдөр тутмын ажилдаа байнга ашиглаж байдаг сайт болсон байна. Тус мэдээллийн төвд богино хугацааны аяллууд худалдаалагддаг бөгөөд 2011 онд нийт 100 орчим аялал борлуулагдаж нийт 270 гаруй жуулчид хотын ойролцоох газрууд болон Өмнөговь, Хархорин, Хөвсгөлийн нутгуудаар аялжээ.
2012 оны эхний 8 сарын байдлаар 61 орны 3943 жуулчин ирж үйлчлүүлжээ.
Өмнөх жилүүдэд тогтмол үйл ажиллагаатай байсан учраас Улаанбаатар хот дахь бүх зочид буудал, жуулчин хонуулдаг үйлчилгээний байгууллагууд тус мэдээллийн төвтэй хамтран ажиллаж тэдгээр газруудад хоноглож буй жуулчид байнга орж ирж үйлчлүүлдэг болсон байна. Мөн жуулчинд зориулсан мэдээлэл бүхий сэтгүүл, сонин, товхимол гаргадаг байгууллагууд өөрсдийн хэвлүүлсэн материалаа авчирч байршуулан жуулчдад мэдээллийг хурдан шуурхай төвөггүй хүргэж байна. Одоогийн байдлаар тус мэдээллийн төвд 2012 оны эхний 8 сарын байдлаар 100 аялал борлуулагдаж нийт 300 гаруй жуулчид монгол орноор аялжээ. Аялж буй жуулчдын ихэнх нь ямар нэгэн сайн дурын үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагааны шугамаар ирсэн байдаг бөгөөд ажлын бус завтай өдрөө ийнхүү монгол оронтой танилцан өнгөрүүлдэг билээ.
Тус мэдээллийн төвийг анх байгуулагдсан цагаас нь эхлэн өнөөг хүртэл тогтвортой ажиллаж буй 2 ажилтан байдаг ба бусад нэмэгдэж ажилладаг боловсон хүчнүүдийн англи хэлний мэдлэг чадвар, монголын аялал жуулчлалын орчин нөхцөлийн талаархи мэдлэг боловсрол нь бүхий л талаар өсөн дээшилж байдаг. Мөн олон зуун оюутан залуучууд хөтөч тайлбарлагчаар ажиллаж өөртөө орлого хуримтлуулж байгаагаас гадна хотын замд түгжирч явдаг олон арван хувийн таксины жолооч нар нэг дор орлого орж, тэдгээр хүмүүсийн ард буй гэр бүлийн гишүүдийн амьдралд ихээхэн хувь нэмэр болж байгаа зэрэг олон талын ач холбогдлыг дагуулж байдаг юм.
Тус төвийн мэдээллийн сайт www.touristinfocenter.mn –ийг өдөрт дунджаар 500-600 зочин нээн үзэж байна.