Төрийн түүхийн музейг “үнэ төлбөргүй” үзнэ.

Засгийн газрын 2005 оны тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол, хүндэтгэлийн цогцолбор”-ыг Төрийн ордны урд талд өргөтгөн байгуулах, нэг бүрэлдэхүүн хэсэг нь Монгол төрийн түүхийн музей байхаар шийдвэрлэсэн юм. Эл ажлын хүрээнд Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг угтан 2012 оны 1 дүгээр сард тус музей нээгдсэн. Монгол улсад хосгүй үнэт хэмээн бүртгэгдсэн 612 бүтээлийн 289 нь эл музейд тавигдсан ба нийт 970 орчим биет үзмэр, 16 цахим үзмэрээр сан хөмрөгийг бүрдүүлжээ. Монгол төрийн ёслолд хэрэглэж байсан болон хэрэглэж байгаа сүлд, туг, далбаа, тамга, дууллыг хүндэтгэлтэйгээр залж, Хубилай хааны зарлигаар 1270 оны орчим бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд дурдсан “Хаан төрийн есөн их бэлгэ”, YIII Богд Жибзундамба хааны зарлигаар 1915 онд бичигдсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заасан “Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн долоон эрдэнэ”, “Төрийн хан хуур” зэргийг байрлуулжээ. Эзэн Чингис хааны өлгий нутгаас авчирсан хөрс шороо, рашаан усны дээж, Чингис хааны Алтан ургийнхны бүтээн дээдэлж ирсэн хаадын овгийн тамганууд зэрэг олон зуун жил төрөө дээдлэн шүтэж ирсэн уламжлалыг илтгэх эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ.

Ерөнхий сайд агсан А.Амарын бичгийн ширээ, нүдний шил, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу агсны хэт хутга, Ю.Цэдэнбал даргын тоглож байсан шатар, YIII Богд Жибзундамба хутагтын хүрэм, 1911 оноос хойш 5 удаа батлагдсан Төрийн сүлднүүд, ховор түүхэн гэрэл зурагнууд тавигджээ. Төрийн түүхийн музей нь Монгол улсад анхны цахим музей болох зорилт тавин ажиллаж түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг судлаачдын тайлбартайгаар нэгтгэн цахим үзмэрийг бүрдүүлж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн 8 дугаар сарын 26-наас “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” ард түмэнд нээлттэй болсноор тус музейг үзэх боломж нээгдсэн билээ. Мягмар гарагаас Ням гарагт өдөр бүр үдээс өмнө 10:00-12:00, үдээс хойш 14:00-16:00 цагийн хооронд үзэхийг хүссэн дотоод, гадаадын хэн бүхэнд нээлттэй ба ямар нэгэн үнэ төлбөр авахгүй ажээ. Даваа гараг бүр амрах юм байна.

Төрийн албаны лавлах утас: 261009