Mercy Corps Олон улсын байгууллага Архангай аймагт “Орон нутгийн хөтөч-тайлбарлагч, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг 7 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Цэцэрлэг хотын Боловсролын газрын сургалтын танхимд зохион явуулсан бөгөөд Архангай аймгийн зарим жуулчны баазын төлөөлөл, аймгийн жуулчны мэдээллийн төвийн ажилтан, орон нутгийн хөтөч нар, Мэрси Ко байгууллагын сургагч багш нар, зарим ТББ-ын ажилтнууд, аймгийн музейн ажилтнууд тус тус оролцлоо. Сургалтыг Mercy corps ОУ-ын байгууллагын урилгаар Guide боловсролын төвийн захирал Ч.Буянбадрах, МАЖХ-ны ерөнхий менежер Д.Батнасан нар удирдан явууллаа.
Сургалтын үеэр дараах сэдэв агуулгыг РР программ дээр лекц хэлбэрээр зохион байгуулсан юм.
· Орон нутгийн хөтөч тайлбарлагчийн онцлог
· Хөтөч тайлбарлагчийн ёс зүй, ажлын байрны сахилга бат
· Тухайн орон нутагт хөтөч хэрхэн ажиллах, орон нутгийн онцлогийг хэрхэн таниулах
· Орон орны жуулчдын онцлог, соёлын ялгаа.
· Аяллын үед тохиолдох хүндрэл бэрхшээл, түүнийг зохицуулах, хөтөчийн ур чадвар
· Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх арга барил, зөвлөмж
· Монголын түүх соёлын үнэт зүйлс
· Аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчин
· Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж, шилдэг туршлагууд
· Event гэж юу вэ? Зохион байгуулахад анхаарах зүйл
· Жуулчдын дунд явуулах судалгаа, түүний ач холбогдол
· Жуулчны баазын орчныг хэрхэн бүрдүүлэх
· Жуулчны баазын маркетинг, хамтын ажиллагаа
· Жуулчны баазын зоогийн газар, түүний үйлчилгээнд анхаарах зүйлс
· Жуулчны баазын бусад үйлчилгээ
Сургалтанд хамрагдсан хүмүүсийн ажлын онцлог, хүсэл сонирхолд тулгуурлан тухайн сургалт явагдсан бөгөөд Архангай аймагт аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Архангай аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдлыг дүгнэж үзэхэд
Архангай аймагт гадаад дотоодын жуулчдыг татах байгалийн үзэсгэлэнт сайхан газрууд олон байдаг боловч аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “нэгдсэн бодлого” байхгүй, байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо муу, бие бие рүүгээ “манай хариуцах ажил биш” гэх маягтайгаар түлхэлцсэн байдалтай, орон нутгийн хөтөч тайлбарлагч нар дутмаг, тэдний мэдлэг чадвар ч хангалтгүй түвшинд, аялал жуулчлалын чиглэлийн сургалт семинар явагддаггүй, гадаад хэлний мэдлэг сайтай мэргэжлийн чадварлаг боловсон хүчин байхгүй байгаа нь ажиглагдсан юм. Жил бүр аялал жуулчлалын салбарынхны ажлаа дүгнэх нэгдсэн хурал цуглаан, семинар зөвлөлгөөн болдоггүй юм байна. Мөн Архангай аймагт ажиллаж байгаа жуулчны баазуудын 90%-ийг УБ хоттой шууд холбоотой хүмүүс удирддаг бөгөөд тухайн аймаг орон нутгийн гэх тодотголтой үйлчилгээний байгууллага маш дутмаг юм байна. Харин энэ жил олзуурхууштай нэг ажил хийгдсэн нь “Архангай аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийг байгуулсан явдал байв. Энэ ажил нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон байсан учраас ийнхүү энэ жил шинээр байгуулагджээ. Бусад аймгуудад байхгүй сайхан байшинтай, дэргэдээ Хүннүгийн олдворын музей байгуулсан байсан нь яахын аргагүй цаашид аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх эхлэл нь болох юм шиг санагдлаа. Мэдээллийн төвийн ажилтан нь Солонгос хэлээр л ярьж чаддаг юм байна. Гэвч мэдээллийн төвийг амжилттай ажиллуулахын тулд англи хэлний мэдлэг зайлшгүй чухал хэрэгтэйг цаашид анхаарах биз ээ. Мөн тус сургалтанд хамрагдсан нэг гишүүн Архангай аймгийн хэмжээнд ажиллах мэдээллийн сайт хийж байгаагаа бидэнд ярьсан юм. Тэрхүү сайтаар орж үзэхэд эхэлж байгаа гэхэд чамлахааргүй байсныг энд дурдаж хэлэх нь зүйтэй болов уу. Уншигч та ч гэсэн www.travelarkhangai.com site-аар зочлоод үзээрэй. Цаашид улам их баяжуулан хөгжүүлэх биз ээ.
Архангай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ямар зүйлийг хийх боломжтой вэ.
-
Архангай аймаг нь баруун бүсийн аймгуудын дайран өнгөрдөг гол цэгүүдийн нэг учраас дотоод гадаадын жуулчид аялагчдын “саатан тухалдаг газар” болгох бүрэн боломжтой юм. “Монголын есөн гайхамшиг”-ийн гуравдугаарт тэмдэглэгдсэн “Хөшөө цайдмын дурсгал” буюу “Билгэ хаан, Культегин жанжны дурсгал” нь тус аймгийн Хашаат суманд бий. Архангай аймаг нь Хүннүгийн дурсгал, түүний судалгаа шинжилгээгээр сүүлийн үед маш их эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, том том малтлагууд зохион байгуулагдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, эртний чулуун дурсгал ихтэйгээс гадна Хүннүгийн хаадын төвлөн суурьшиж байсныг илтгэх олон дурсгалтайгаараа онцлог юм. Энэхүү дурсгалуудаар дамжуулан Хүннүгийн соёл түүхийг өргөнөөр танилцуулж Архангай аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гол брэнд болгох бүрэн боломжтой. Тухайлбал, “Хүннүгийн хаадын өргөө” гэр хотхоныг байгуулсан ч болно. Тэнд Хүннүгийн түүх соёлыг танилцуулах, хүннүчүүдийн амьдрал ямар байсныг харуулах нөхцөлийг бүрдүүлж гадаад дотоодын жуулчдыг татаж болох юм.
-
Мөн Архангай аймаг нь угсаатны хувьд төв халхуудын суурьшин суудаг гол нутгуудын нэг юм. Халхчууд нь жалайр, олхонуд, бэсүд, элжигэн, горлос, хиргис, хатиган, хөхүйд, сартуул гэх мэт дотроо олон янзын овогт хуваагддаг. Тэгвэл Архангайд чухам ямар ястан, овог суурьшиж ирсэн тухай, тэднийг тодотгох ямар нэгэн онцлог зүйлүүдийг сэдэж бүтээх нь чухал юм. Монголын бүх аймагт Угсаатны зүйн музей байдаг. Тэгвэл Архангай аймгийн угсаатны зүйн музейд халх үндэстнийг тодотгох маш олон ховор нандин үзмэр хадгалагдаж байдаг билээ. Тэдгээр чухал үзмэрээр дамжуулан Монголын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг Халхчуудын амьдрал, зан заншил, гар урлалын ур хийц, дуу хөгжим тоглоом наадгайн онцлогийг танилцуулах бүрэн боломжтой.
-
Архангай аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, нэгдсэн бодлого төлөвлөж ойрын ба хэтийн гэж ангилах, гадаад дотоодын жуулчдыг уриалан дуудсан ямар нэгэн нэгдсэн уриатай болох нь чухал юм. Жил бүр нэгдсэн чуулган хурал зохион байгуулж салбарынхаа болж бүтэж буй бүхнээ, болохгүй бүтэхгүй байгаа бүхнээ зөвлөн хэлэлцэж, шилдэг сайнуудаа шагнан урамшуулж байх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой.
-
Жуулчдыг татах бас нэгэн чухал арга хэмжээ бол тус аймгаар овоглосон “event”-тэй болох явдал юм. Жишээ нь Өмнөговийнхон “Тэмээний баяр” хийдэг, мөн Өмнөговьд “говийн Олон улсын марафон гүйлт” зохион байгуулагддаг. Өвөрхангайчууд “Сарлагийн баяр”, Хөвсгөлийнхөн “Мөсний баяр”, “Цаатан” фестивалиуд, Баян-Өлгийчүүд “Бүргэдийн баяр” гэх мэтээр зохион байгуулж жил ирэх тусам улам олон жуулчныг зорин ирүүлдэг болоод байна. Архангайчууд жуулчдад зориулсан юуг зохион байгуулж болох вэ. “Адуучдын баяр”, “Халх үндэстний наадам”, “Эсгийний баяр”, “Цагаан идээний баяр” гэх мэтээр зохион байгуулсан ч болно. Жуулчид бүдүүн утас бариад аарц зүсэж ааруул хийх, махны машинаар машиндаж хорхой ааруул хийх гэх мэтэд тун дуртай оролцох болно. Зарж борлуулах үйл ажиллагааны хажуугаар үзүүлж харуулах, биечлэн туршиж үзэх, танилцуулан гайхуулах зүйлүүдийг санаачлан хийх нь чухал юм. Тэдгээр санаачилж сэдсэн зүйлүүдээ Аялал жуулчлалын тур оператор компаниудад байнга танилцуулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, улс орон даяар сурталчлан таниулах гэх мэт маркетинг менежментийн ажлыг ч маш сайн зохион байгуулах хэрэгтэй.
-
Цэцэрлэг хотод ирээд бүтэн нэг өдрийн аялал хиймээр байна гэж жуулчин хүсэж магадгүй. Тэгвэл Майдар чулуу /талдаа 7 км/ →Булган уул, Бурхан Буддагийн цэцэрлэгт очих, ходоод ба нүдний рашаан дээр очих→ Халх монгол айлд зочлох, үндэсний хоол унд зооглох → морь унах болон ердийн хөсгөөр аялах → Заяын гэгээний хүрээ буюу Архангай аймгийн Угсаатны зүйн музей үзэх→аймгийн хүнсний захад очих гэх мэтчилэн маш завгүй өнгөрүүлж болох бүтэн өдрийн аяллын хөтөлбөр ч зохион байгуулж болно.
-
Мөн орон нутгийн шинжтэй бэлэг дурсгалын зүйлийг маш сайнаар, зориуд төсөв гаргаж хөгжүүлэх нь зүйтэй юм. Тухайлбал Тайхар чулуун дээр очиход Тайхар чулууны зурагтай ил захидал, Тайхар чулууны имижийг илэрхийлсэн түлхүүрийн оосор, магнет буюу соронзон, аяллын үед авч явах боломжтой тагтай аяган дээр дүрсийг нь буулгасан ч болно, мөн даавуун тор, футболкан дээр буулгаж ч болно. Хорго Тэрхийн цагаан дээр очиход мөн ялгаагүй тухайн газрыг дурсан санаж байхаар ямар нэгэн гар урлалын зүйлүүд байвал жуулчид тухайн очиж үзсэн, харсан зүйлийнхээ дүрс имижийг дүрсэлсэн, тусгасан ямар ч юманд дуртай байдаг билээ.
-
Мөн Архангай аймгийн газрын зургийг дангаар нь хэвлүүлж худалдаалах нь чухал юм. Аймгийн бүх рашаан сувилал, хонож болох гэст хаус, жуулчны бааз, зочилд буудал зэргийн мэдээлэл, үзвэр соёлын ямар газрууд байгааг, жуулчид орж хооллож болох ресторан кафе, гуанзны танилцуулга, жуулчид үзэж болох түүх соёлын дурсгалт газрын маршрут аяллын хөтөлбөр гэх мэт нарийн мэдээллийн жагсаалтуудыг хэвлүүлж тараах нь маш сайн сурталчилгаа болж аялал жуулчлалыг тус аймагт хөгжүүлэхэд их дэмжлэг болох юм.
Гэх мэтчилэнгээр өөрсдөө нэгдэн нягтарч, хүчээ нийлүүлж ажиллах юм бол Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн хэмжээнд, тэднээс ч илүүгээр тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгаа юм шүү, Архангайчууд аа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.