Ноён Талиб Рифай Монгол Улсад

Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай Монгол Улсад 2012 оны 7-р сарын 20-ноос 24-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

 

Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай Монгол Улсад 2012 оны 7-р сарын 20-ноос 24-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би - 2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Тус айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай Монгол Улсын Төр засгийн тэргүүнтэй уулзаж Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноос гадна Аялал жуулчлалын салбарын нийгэм эдийн засаг хөгжилд оруулж буй ач холбогдлын талаар дурьдсан “Нээлттэй Захидал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан юм. Айлчлалын хүрээнд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Аялал жуулчлалын маркетинг” семинар зохион байгуулагдаж АЖҮТ-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн “Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал”,  ДАЖБ-ын Ази Номхон далайн бүсийн захирал Шү Жин “Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага”, ДАЖБ-ын шинжээч Малайзын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга доктор Виктор Ви “Аялал жуулчлалын маркетинг” маш сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.

ДАЖБ ньулс орнуудын аялал жуулчлалын бодлого, практик туршлагыг солилцох нөхцлийг бүрдүүлэх, холбох үүрэг бүхий салбарын тэргүүлэгч байгууллага юм. 7 тивийн 154 орон уг байгууллагын жинхэнэ гишүүн  бөгөөд Монгол Улс 1990 онд элсэн орсон. Тус байгууллагад элсэн орсоноос хойш 2008 он хүртэл гишүүний татварын өртэй явж ирсэн. Аялал жуулчлалын салбар Байгаль орчны яаманд шилжсэнээс хойш буюу 2008 оноос тус байгууллагын гишүүний татварыг төлөх асуудлыг эрчимтэй хөөцөлдсөнөөр 2011 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад төлөх гишүүний татварын өртэй холбоотой судалгаа, тооцоог гаргаж,  нийт 459,4 сая төгрөгийнтатварыг төлж барагдуулсан байна. 2011 оны төсвийн тодотголоор хэлэлцүүлэн батлуулж, татварыг шилжүүлэх ажлыг зохион байгуулав.Ингэснээр манай улс Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагад гишүүнчлэлийн татварын өргүй болсон ба тус байгууллагын бүрэн эрхэт гишүүн болсон юм.

Бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдаж байна.

 

Ноён Талиб Рифай Казахстан улсын Астана хотноо 2009 онд болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон 4 жилийн хугацаат албан ажлаа 2010 оноос эхлэн гүйцэтгэж байна. Талиб Рифай Йордан улсын иргэн бөгөөд Иллинойсийн технологийн дээд сургуулийг Инженер архитекторын магистрийн зэрэглэлтэй, Филадэлфийн Пэнсилваниа дээд сургуулийг хот тохижилт, бүсийн төлөвлөлтөөр докторын зэрэг тус тус хамгаалсан байна. 1973-1997 оны хооронд Йордан улсаас АНУ-ын Вашингтон хотод суух Эдийн засгийн төлөөлөгчийн даргаар ажиллах хугацаандаа худалдаа наймааг эрчимтэй хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Йорданы улсын Аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа ЮНЕСКО Дэлхийн банктай хамтран Йорданы анхны Археологийн паркыг эртний түүхт Петра хотод байгуулсан байна. 1999-2003 оны хооронд Йорданы засгийн газарт олон сайдын үүргийг гүйцэтгэсэн, үүнд Төлөвлөлт, олон улсын харилцааны сайд, Мэдээллийн сайд, Йордан улсын нийтийн хэвлэл мэдээллийг хариуцсан засгийн газрын төлөөлөгчөөр тус тус ажилласан байна.