“Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоороо Үндэсний их баяр наадмын сүүлийн өдөр буюу энэ сарын 13-ны өдөр 12.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон бөгөөд өнгөрсөн сард “Монгол костюмс” төвийн уран гартай дизайнерууд ЮНЕСКО-гийн тайзнаа үндэсний дээл хувцасаа театрчилсан тоглолтоор сурталчлаад ирсэн билээ. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна. Анх 1000 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Улаанбаатар чуулга” болон “Шилмэл загвар”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр Хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулах юм. “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм. Мөн үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулах юм. Үүнд, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулах юм байна.