Сүүлийн
жилүүдэд Монголд гэрэл зураг эрчимтэй хөгжиж, энэ салбарт дурлагсдын цар хүрээ
өргөжин тэлсээр байгаа билээ. Тэгвэл “Тусгал” нэртэй гэрэл зураг сонирхогчдын
бүлгэм энэ зуны ээлжит байгаль дээрх үзэсгэлэнгээ Өвөрхангай, Архангай, Булган,
Хөвсгөл аймгуудын үзэсгэлэнт газруудад дэлгэхээр шийджээ. Тэд долдугаар сарын
11-19-нд дээрх аймгуудаар аялах бөгөөд аяллын турш байгалийн үзэсгэлэнт
газруудад саатаж, үзэсгэлэнгээ дэлгэх гэнэ. Түүнчлэн тааралдсан хэн бүхэнд
гэрэл зургийг нь үнэ төлбөргүй авч, хэвлэн өгч дурсгах юм байна. Нүүдлийн гэрэл
зургийн үзэсгэлэнгийн зорилго нь залуу үеэ Монголын үзэсгэлэнт газруудаар
бахархах сэдлийг төрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд оршиж байгаа аж.
“Тусгал” гэрэл
зураг сонирхогчдын бүлгэмийнхэн Эрдэнэзуу, Цэцэрлэг сумын халуун рашаан, Хоргын
тогоо, Тэрхийн цагаан нуур, Хатгал, Хөвсгөл нуурт үзэсгэлэнгээ гаргах юм байна.