7000 жилийн тэртээх хоолны үлдэгдэл юу өгүүлэв

7000 жилийн тэртээд хойд Африкийн нутаг ногоорсон нуга байсан бөгөөд оршин суугчид нь мал аж ахуй эрхлэн, сүүн бүтээгдэхүүн бэлтгэдэг байсан талаар Ливийн баруун өмнөд хэсгийн Такакори агуйгаас олсон шавар савнууд “ярилаа”. Британи, Америк, Африкийн эрдэмтдийн хамтарсан багийнхан тус агуйгаас олдсон 81 сав суулгыг судлахад 15 нь дотроо хоолны үлдэгдэлтэй байжээ. Судалгааны дүнд саванд үхэр, ямаа, хонины сүүн бүтээгдэхүүн байсан хэмээн дүгнэжээ. Түүнчлэн тус агуйн ханан дахь зурагнаас эртний африкчууд сүүг хэрхэн боловсруулан хэрэглэдэг байсныг харж болох аж. Хананы сүг зураг болон бусад олдворт тулгуурлан хойд Африкийн оршин суугчид 7000 жилийн өмнө мал аж ахуй эрхэлдэг байсан гэж эрдэмтэд мэдээлсэн байна.