Хамгийн
олон дэмжигчтэй “I Love New UB” залуусын клубын санаачилж байгаа ажлууд
ар араасаар үргэлжилсээр. Маргааш л гэхэд клубын үйл ажиллагааг дэмжигч залуус
нэгэн чухал тойрон аялал хийх гэж байна. Улаанбаатар хотын хөшөө, дурсгалын
газруудтай танилцах, ямар үүх түүхтэй болох мэдээллийг мэргэжлийн түүхчдээс
сонсч мэдэж авах танин мэдэхүйн ач холбогдолтой аялал байх болно. Үүний
зэрэгцээ хөшөө дурсгалд дээр элдвээр сараачсан бичгүүдийг арилгаж, ойр орчмыг
нь цэвэрлэх юм. “UB-Дурсгал тур” хэмээх энэхүү аялалд шинэ Улаанбаатарыг бий
болгохыг хүсч тэмүүлж буй залуучууд тусгай маршрутын дагуу тур аялал хийх гэж
байна.
Ямарваа хотын түүхийг хөшөө дурсгалууд өгүүлж, илтгэж байдаг. Хөшөө,
дурсгалуудаар дамжуулан хүүхэд, залуучууд түүх, соёлоо танин мэдэх боломжтой
болдог асар их ач холбогдол бүхий урлагийн бүтээл байдаг билээ. Гэтэл
Улаанбаатарын маань түүхийг илтгэх хөшөө дурсгалууд харж хандах хүнгүй болж,
улам өнгө зүс нь доройтож байна. Үүх түүхээ хүндэлж хайрладаггүй хүмүүсийн
балгаар хөшөө дурсгалууд элдэв бичигт өнгө алдаж гундан, орчин тойрон нь хогонд
дарагдаад байна. Иймээс “I Love New UB” клубээс “My UB-Гоё хот” уриан дор
энэхүү аялалыг зохион байгуулж байгаа юм. Зөвхөн цэвэрлэхээс гадна хүний
анхаарлаас гадуур үлдсэн хөшөө дурсгалын газруудыг олон нийтийн анхаарлын төвд
оруулж, эдгээрийг хариуцаж, арчилж, хамгаалж байх ёстой төрийн байгууллагуудад
үүргээ биелүүлэхийг сануулах зорилго өвөртөлж, Улаанбаатараа тойрон аялах гэж
байна.