Хууль бус замаар АНУ руу гаргасан “Тиранозаурус батар” үлэг гүрвэлийн араг ясыг эх нутаг руу нь буцаана гэдгээ АНУ-ын тал мэдэгдсэн талаар “Блумберг” мэдээллийн агентлаг мэдээлжээ. Долоон метр урт, 2.4 метр өндөр бараг бүтнээрээ шахуу үлэг гүрвэлийн араг ясыг өнгөрсөн 5-р сард Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар худалдаалахаас өмнө 2010 онд Их Британиас АНУ-ын Флоридад тээвэрлэж аваачсан бөгөөд тэндээс Техас, дараа нь Нью-Йоркт хүргэжээ. Дуудлага худалдаа болохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Техас хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, дуудлага худалдааг зогсоохыг шаардсан боловч гарал үүслийг тогтоохоос нааш худалдан авагчид шилжүүлэхгүй байх болзолтойгоор худалдсан билээ.
Монгол Улсын хуулинд зааснаар үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын Засгийн газрын өмч бөгөөд хууль бусаар хилээр гаргахыг хатуу хориглосон нэн ховор олдвор юм. Манхэттен хотын өмгөөлөгч Прийт Барара “Тиранозаурус батар үлэг гүрвэлийн араг ясыг 1995-2005 оны хооронд Монголын говь нутгаас олсон этгээдүүд хулгайгаар хил гаргасан байж болзошгүй. Үлэг гүрвэлийн олдвор бол монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт өв дурсгал. Үлэг гүрвэлийн араг ясыг хулгайгаар хил гаргасан нь энэ улсын байгалийн түүхийн нэгээхэн хэсгийг хулгайлснаас өөрцгүй. Бид энэ ховор олдворыг байх ёстой газарт нь аваачих болно” хэмээн ярьжээ. Өмгөөлөгчийн хэлж буйгаар үлэг гүрвэлийн гаалийн бичиг баримт дээр гарал үүслийг нь Монгол улс гэхийн оронд Их Британи гэж буруу тодорхойлсон ажээ. Гэвч Монголын төдийгүй олон орны палеонтологичид “Тиранозаурус батар”-ын араг ясыг Монголынх гэдгийг нотолсон билээ. Одоогоос 70 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн олдворыг анх 1946 онд палеонтологичид илрүүлсэн юм. Үлэг гүрвэлийн араг яс, өндөгний олдвор Төв Ази, ялангуяа Монголын говь нутгаас их олддог гэдгийг палеонтологичид баталдаг.
1924 оноос хойш Монгол улс тус улсын нутгаас олдсон байгалийн түүхийн ховор олдвор нь Засгийн газрын өмч болох тухай хуулиндаа заасан байдаг. Нөгөө талаар гаалийн бичиг баримт дээр олдворын үнийг 15.000 ам.доллар гэж бичсэн байсан нь үлэг гүрвэлийн араг ясыг хулгайгаар хил гаргасныг баталж буй өөр нэг баримт аж. Харин байгалийн түүхийн олдворын дуудлага худалдааны жагсаалтад үлэг гүрвэлийн араг ясыг 950.000-1.5 сая ам.доллараар үнэлсэн байдаг гэнэ. Тиранозаурус батарын араг ясыг өнгөрсөн тавдугаар сард дуудлага худалдаагаар 1.052.500 сая ам.доллараар худалдсан билээ. Дуудлага худалдааны каталогт Тиранозаурус батарын араг ясыг энэ дэлхий дээр амьдарч байсан аварга махчингуудын олдвороос бараг бүтнээрээ олдсон, музейд тавихад хамгийн тохиромжтой "гайхалтай үзмэр” хэмээн тодорхойлсон байна. Харин гаалийн бичиг баримт дээр “Аварга үлэг гүрвэлийн хоёр том гавлын яс, зургаан хайрцаг бүхий чулуужсан яс, гурван хэвлээр явагч, хэвлээр явагчийн нэг гавлын яс” гэж бичсэн байжээ.
Үлэг гүрвэлийн араг ясыг дуудлагааар худалдсан “Heritage Auction”-ы нэг тэргүүн Жим Халперин “Үлэг гүрвэлийн олдворын гарал үүслийг тогтоох шүүх хурлын шийдвэр хараахан гараагүй учраас тайлбар хийхэд эрт байна” хэмээн мэдэгджээ.